МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ
2021.01.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. 

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан танилцуулав. 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Д.Ганбат нараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр төслийг өргөн мэдүүлжээ. Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс улс төрийн байгууллагыг “Монгол Ардын Нам” хэмээх нэрээр анх удаа Монгол Улсад байгуулсан. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа 1924 онд баталж, улмаар 1940, 1960 оны Монгол Улсын Үндсэн хуульд улс төрийн нам нийгмийн бүх байгууллагуудыг удирдах гол хүчин болохыг тунхаглаж, нэг намаас олон намын тогтолцоо болон төлөвшиж, 1992 онд батлан хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хуульд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллахыг хуульчилсан бөгөөд нийгэм, төрийн удирдлагад улс төрийн нам гол үүрэг гүйцэтгэж байна гэж үзсэн байна. 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад улс төрийн анхны нам болох Монгол Ардын Нам байгуулагдсан гэж үздэг. Энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон нийтээр тэмдэглэхээр 2004 онд хуульчилсан. 2021 онд манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ нь монголчууд 20 дугаар зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаараа тухайн түүхэн үеийн ололт, амжилт, гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзэн төслийг боловсруулсан байна.

    “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь дээрх тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжив. Иймд  “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ