НҮБ-ын Хүн амын сангаас хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгалын аппарат өглөө
2021.02.03
Эрүүл мэнд

НҮБ-ын Хүн амын сангаас хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, амьсгалын аппарат өглөө

НҮБ-ын Хүн амын сангаас Нийслэлийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ), I, II, III дугаар амаржих газарт хувийн хамгаалах хувцас хэрэгсэлд болон амьсгалын аппарат хүлээлгэн өгөв.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппаратууд хүлээлгэн өглөө. ЭХЭМҮТ дээр болсон энэхүү ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава болон нийслэлийн төрөх эмнэлгүүдийн төлөөлөгч нар оролцов. Мөн 4 аймгийн удирдлага, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгч цахимаар оролцлоо.

"COVID-19" цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамгаалах хувцас хэрэгсэл болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн үед хэрэглэх амьсгалын аппаратаар хангах нь чухал. Иймд нийслэлийн 4 төрөх эмнэлэг болон ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 4 аймгийн эмнэлэгт тус бүр 1 амьсгалын аппарат болон N95 шүүлтүүртэй амны хаалт, нэр удаагийн мэс заслын амны хаалт, нүдний хамгаалалтын шил, нэг удаагийн хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий зэргийг НҮБ-ын Хүн амын сангаас олгож буй юм.

Монголын Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "COVID-19" цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд Люксембургийн хамтын ажиллагааны газраас Монгол дахь НҮБ-ын Хүн амын санд 345 мянган евро буюу 1.1 тэрбум төгрөгтэй дүйх буцалтгүй тусламж олгосон. НҮБ-ын Хүн амын сангаас уг тусламжийг 7 сарын хугацаанд монголын эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэжлүүлэх, охид эмэгтэйчүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах зориулан олгож буй юм.

Өмнө нь уг тусламжийн хүрээнд нийт 2490 ариун цэвэр, эрүүл ахиун багцыг гадаадаас эх орондоо ирээд тусгаарлалтад орсон охид эмэгтэйчүүд, "COVID" цар тахлын эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эмэгтэй албан хаагчдад түгээсэн юм Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн тусгай багц бэлтгэн хүргэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ