МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Банкууд хувьцаат компани хэлбэртэй болно
2021.02.03
Эдийн засаг, Худалдаа

Банкууд хувьцаат компани хэлбэртэй болно

УИХ-ын намрын чуулганаар олон салбарын чухал хуулиуд батлагдсаны нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нарын санаачилсан Банкны тухай хууль байлаа. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд банкны сектор, санхүүгийн салбарыг эрүүл, тэгш тогтолцоотой болгосон шинэчлэл болсон юм.

Банкны зээл, бусад активын эх үүсвэрийн 70 орчим хувийг олон нийтийн мөнгөн хөрөнгө, 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бүрдүүлдэг. “Хас” банкнаас бусад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын хувьцааны 90 хувийг 2-4 хүн эзэмшиж байна. Банкны тухай хуульд энэ удаад томоохон “мэс засал” хийж буйн гол шалтгаан нь эдийн засгийг тэлэх, иргэдийн хадгаламжийг эрсдэлээс хамгаалах зорилготой юм.

Хуульд:
  • Аливаа этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглоно. Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна.
  • Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь өөрөө, эсхүл холбогдох этгээд, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь төрийн албан тушаалтан биш байх.
  • Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.
  • Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.
  • Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР:

Арилжааны банкууд нээлттэй болж, засаглал сайжирна. Хадгаламжтай иргэд  банкны хувьцаа эзэмшигч болох боломжтой. Банкинд мөнгөө сул хадгалуулж, бага хүү авснаас банкны хувьцаа худалдан авч, ногдол ашиг хүртэх эдийн засгийн өгөөж нь илүү болно.

Нөгөө талаас арилжааны банкинд хадгалагдаж буй сул мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлтэд оруулснаар санхүүгийн зах зээл томорч, хөгжинө. Хөрөнгийн зах зээлд эрэлттэй, шинэ төрлийн үнэт цаас бий болох юм.

Хууль санаачлагчдын хийсэн судалгаагаар Монголын хөрөнгийн зах зээлд ойролцоогоор 15 их наяд эргэлтэд орсноор жижиг, дунд үйлдвэрүүд хөгжиж, тэлэх боломжтой юм. Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр олширно, цалин өснө. Ажлын байр нэмэгдсэнээр ядуурал буурна. Улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Дагаад төрийн албан хаагчид, эмч, багш нарын цалин нэмэгдэх зэрэг эерэг талууд бий болох юм. Мөн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг банкны эзэд хууль бусаар зарцуулах эрхгүй болж байна. Үндсэндээ, арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болж иргэд, ААН-үүд банкуудын хувьцаа эзэмшигч болсноор банкны эздэд хариуцлага тооцох, хяналт тавих эрх  нээгдэх юм.

Энэ бол банкны салбарт засаглалын томоохон шинэчлэл бөгөөд банкны салбарыг дагаад эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна.

Банкууд IPO гаргаснаар банкны үйл ажиллагаа ил тод нээлттэй болж, хяналтын тогтолцоо илүү боловсронгуй болох, банкны засаглал сайжрах, санхүүгийн хүртээмжтэй байдал нэмэгдэх зэрэг банк, санхүүгийн салбарын экосистемийн тогтвортой хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн бирж дээр иргэд, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах боломжтой бас нэгэн шинэ бүтээгдэхүүн гарах боломж бий болно.  

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар хөрөнгийн зах зээлийн хөгжилд түшиг болохын зэрэгцээ санхүүгийн салбарын эрүүл, тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэй, бодлогын томоохон шийдвэр болсон гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан онцолж байлаа.

Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга 

“Хуульд орж буй томоохон өөрчлөлт, тэр дундаа хөрөнгийн зах зээлтэй хамааралтай орсон гол өөрчлөлт бол банкуудыг хувьцаат компани хэлбэртэй болгох зохицуулалт юм. Ингэхдээ Монголбанкнаас системийн нөлөө бүхий гэж тогтоосон банкууд нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад нь нээлттэй эсвэл хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой байхаар зааж өгсөн.

Банкнаас хэт хамааралтай санхүүгийн зах зээлийг задлаж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахын ач холбогдлыг 2016 оны Эдийн Засгийн форумын индэр дээр анхлан хэлж, өнөөдрийг хүртэл банк санхүүгийн салбарын шинэчлэлийн төлөө бизнесийн салбарын төлөөлөл, Их хурлын гишүүний зүгээс өөрийн байр суурийг илэрхийлэн, тууштай зүтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг. 

Г.Амартүвшин УИХ-ын гишүүн, Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч

Банкны тухай хууль батлагдаж, энэ хуулийг хэрэгжүүлснээр эдийн засаг болон иргэдийн амьдралд асар их эерэг үр дүн гарна. Энэ бол банкны салбарыг шинэчлэх ажлын дөнгөж эхлэл. Цаашид ч энэ салбарын үйл ажиллагааг сайжруулах шат дараатай олон ажлууд хүлээж байна. Банк, санхүүгийн салбарыг эрүүл тогтолцоотой, тэгш боломжтой болгохын төлөө өөрийн мэдлэг ур чадвараа ашиглах болно.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уг хуулийн санаачлагч төдийгүй, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, банкны секторт хийгдэх шаардлагатай шинэчлэлийг уг хуульд тусгах ажлыг гардан гүйцэтгэлээ. 

Г.Дамдинням УИХ-ын гишүүн, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн

Энэ том шинэчлэлийг хийх нь Монгол Улсын 3.2 сая иргэнийхээ эрх ашгийн төлөө бөгөөд шинэчлэлийн дөнгөж эхлэл тавигдаж байна. Цаашид банкны салбарын засаглалыг сайжруулахын төлөө анхаарч, ажиллах болно гэж залуу гишүүд онцолж байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ