МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа урлаг соёлын байгууллагуудад ажиллав
2021.02.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа урлаг соёлын байгууллагуудад ажиллав

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа өнөөдөр /2021.02.03/ Байнгын хорооны ажлын алба, ажлын дэд хэсгийн гишүүдийн хамтаар урлаг соёл, сургалтын зарим байгууллагын бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Эхлээд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль дээр очиход  тус сургуулийн захирал Д.Одсүрэн сургуулийнхаа бодлого, үйл ажиллагаа, хуулийн төсөлд оруулах саналаа танилцуулав. Хуулийн төсөлд киноны чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа дээд боловсролын байгууллага гэж нэмж оруулах, төрийн дэмжлэг туршлагатай уран бүтээлчдээс гадна шинэ залуу уран бүтээлчдэд нээлттэй байх, кино урлагийн инкубатор төв байгуулах, Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалтад киноны мэргэжилтнийг оруулах, авъяасыг дэмжих талаар заавал тусгах гэсэн саналуудыг илэрхийлэв. 

Үргэлжлүүлэн киноны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар болон Кино урлагийг дэмжих хуулийн төсөлд тусгах саналаа ажлын дэд хэсгийн гишүүд болон киноны уран бүтээлчид, багш нар илэрхийлж, санал солилцсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн гэхээс илүү уран бүтээлчийн байр сууринаас хандаж байгаа гэсэн байр сууриа илэрхийлэв. 

Дараа нь “Black box” театрын үйл ажиллагаатай танилцан, кино түгээгч, кино театрын төлөөлөлтэй “Өргөө” кино театрт уулзалт хийлээ. 

Түүнчлэн, ирэх хоёрдугаар сард Монголын урлагийн зөвлөл, киноны уран бүтээлчид, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөжээ. Ажлын хэсэг ийнхүү  хаврын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажллаж байна 

ШИНЭ МЭДЭЭ