МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Зээлийн хүү буурах боломж бүрдлээ
2021.02.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Зээлийн хүү буурах боломж бүрдлээ

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Эргэн сануулахад, энэ хуульд 2018 онд 45 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бол сая 15 хувьд нь өөрчлөлт хийхдээ үндсэн дөрвөн зарчим баримталсан хэмээн хууль санаачлагчид тодотгосон. Хэдийгээр банк нээлттэй болж, хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл буурна гэж буй ч эсэргүүцэгчид бас бий. Тиймээс Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбоотойгоор тус хуулийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.


-Банкны тухай хууль хүний хувийн өмчид халдахыг завдаж байна гэх шүүмжлэл байна. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?

-Үйл ажиллагаа явуулж буй банкуудын олонх буюу “Хас” банкнаас бусад нь нэгээс хоёр хүний өмчлөлд байдаг. Тэр утгаараа өөрийн хөрөнгө дутагдалтай байгаа. Өөрийн хөрөнгө дутагдалтай учраас бие биенээсээ өрсөж өндөр хүү амлаж, хадгаламж татдаг нь нууц биш. Хадгаламж, өндөр хүүгээ нэгтгэж зээлийн бүтээгдэхүүн болгохоор хүү өндөр болчихдог. Гол шалтгаан нь зээлийн хүүг бууруулах гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ гэсэн үг.

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар хэдэн банк үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-12 банк үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн 6-7 нь системийн нөлөө бүхий банкинд тооцдог. Тодруулбал, нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж үздэг юм. Мөн хуульд банк хувьцаат компанийн хэлбэртэй болж, нэг эзэмшигчийн эзлэх хувь 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан. 2021 оны зургаадугаар сарын 30 гэхэд банк хувьцаагаа хөрөнгийн зах зээлд гаргана. 2023 оны арванхоёрдугаар сарын 30 гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байна.

Шилжсэнээр нэгдүгээрт, зээлийн хүү буурна гэсэн тооцоолол бий. Нөгөөтэйгүүр нэг эзэмшигч 20 хувиас дээш хувь эзэмших боломжгүй учраас хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж, тэр хэрээр өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдэнэ. Хөрөнгийн хэмжээ нэмэгдсэнээр хадгаламж эзэмшигчээс татах хадгаламжийн хүү буурч, нийт дүнгээрээ Монгол Улсад зээлийн хүү буурах боломж бүрдэх юм.

-Засаглалын хувьд томоохон өөрчлөлт орно гэж ойлгож болох уу?

-Тийм, маш том өөрчлөлт болно. Есөөс дээш хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн дор хаяж гуравны нэг хувь нь хараат бус байна. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд дангаараа болон холбогдох этгээдийн хамт тухайн банкны 20-иос дээш хувийг эзэмшиж болохгүй. Энэ зохицуулалтыг банкууд 2023 оны арванхоёрдуаар сарын 31 гэхэд хангасан байх үүрэгтэй. Мөн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн байж болохгүй.

Мэдээж, хамгийн гол нь иргэд, аж ахуйн нэгжүүд банкуудынхаа эзэд болох боломж бүрдэж байгаа юм. Банкууд жилд 250-280 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олдог гэх тооцоо бий. Тэгвэл хууль хэрэгжиж эхэлснээр энэ том салбарын тоглогч, эзэн болох боломж бүрдэж байна гэсэн үг шүү дээ. Түүнээс гадна банкуудад хяналт тавьдаг болж байна. Товчхондоо банкны салбарт маш том шинэчлэл хийх нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.

 Үндэсний шуудан сонин, сэтгүүлч З.Сүхээ

ШИНЭ МЭДЭЭ