МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Асгатын ордын дэд ажлын хэсэг хуралдав
2021.02.05
Уул уурхай, Ашигт малтмал

Асгатын ордын дэд ажлын хэсэг хуралдав

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Тус ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн хуралдаан Монголын Хөрөнгийн биржид өчигдөр боллоо. Хуралдаанд Ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, "Монголын Хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, зөвлөх инженер Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.  

Хуралдааны үеэр дэд ажлын хэсгийн гишүүн Зөвлөх инженер Д.Бат-Эрдэнэ, МХБ-ийн Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ийн Металлын төсөл хариуцсан захирал Г.Ганболд нар ордын геологийн нөхцөл, МХБ-ийн үнэт цаасны бүртгэл болон төслийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл тавьж танилцуулав.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалтад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар заасан. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр тусгаад байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ