МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говийн бүсэд Монгол Улсын хөгжлийн шинэ төв цогцолж байна
2021.02.08
Уул уурхай, Ашигт малтмал

Говийн бүсэд Монгол Улсын хөгжлийн шинэ төв цогцолж байна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана.” гэж заасан. Үүний дагуу Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлж, 2017 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төсөл боловсруулж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлаад байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцын хувьд нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэн, технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа бөгөөд технологийн бус байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь процессийн үндсэн 12 байгууламжтай байх бөгөөд үүнээс 7 нь патенттай технологи юм. Тус байгууламжуудын тендерт Axens, Technip, OOP, Halder Topsoe, Shell, Kinetics Technology зэрэг нефть-Химийн салбарын дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байна.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын (инженерчлэл, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт-ЕРС)-ыг багцуудыг дараах байдлаар хэрэгжүүлэхээр БНЭУ-ын Гадаад хэргийн яам, Экспорт-импорт банк, ТМЗ компанитай тохиролцсон.

Үүнд:

EPC-l: Технологийн бус барилга байгууламж (Иргэний барилга, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажил)

EPC-II: Анхдагч процессийн байгууламжууд болон үйлдвэрийн дэд бүтэц, хангамжийн байгууламж

EPC-III: Үйлдвэрийн цахилгаан станц

EPC-IV: Лицензтэй технологийн байгууламж багтаж байна.

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-импорт банк хооронд 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т төслийн үндсэн гэрээлэгч, ерөнхий гүйцэтгэгчдийг Энэтхэг Улсад бүртгэлтэй компаниудаас сонгохоор заасан учир үйлдвэрийн төлөвлөлт, инженерчлэл, зураг төсөл, гэрээ хэлцэлтэй холбоотой бүхий л баримт бичгүүд олон улсын норм стандартын дагуу англи хэл дээр боловсруулагдаж байна.

2019.10.08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлт

Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалт болох 27 км салаа төмөр зам, 18,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон 17,5 км хүнд даацын автозамыг 2018-2019 онуудад барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотод 550 айлын 10 орон сууц, оффис үйлчилгээни цогцолбор бүхий “Газрын тосны үйлдвэрийн хотхон” байгуулж байна.

Монгол Улс анх удаа газрын тос боловсруулах чиглэлийн онцгой төвөгшилтэй, иж бүрэн үйлдвэрийг цогцоор нь барьж, нефть-химийн шинэ салбарыг бий болгож байгаа тул барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, баталгаажуулах, норм, дүрэм, стандарт, тээвэр ложистик, гааль, түүхий эдийн хангамж гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарч байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийх боломж бүрдэж байна.

Түүнчлэн,
  1. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн ба дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтанд олон улсын норм, дүрэм, журам, стандартыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх,
  2. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн ба дагалдах байгууламжийн зураг төслийн гэрээнд заасан хэлээр боловсруулах, баталгаажуулах, зураг төсөлд магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтанд хүлээн авах,
  3. Төрөөс үзүүлэх дэмжлэг, Үүнд: Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах онцгой төвөгшилтэй, иж бүрэн үйлдвэр барьж байгуулж байгаа тул олон тооны гадаадын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох бөгөөд урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилчид ажиллахаар байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн болон унд ахуйн хэрэгцээнд шаардлагатай усыг Бор Хөөвөрийн гови газрын доорх усны ордоос хангахаар шийдвэрлэсэн. Газрын доорх усны нөөцийн эрэл, хайгуул, судалгааны зардлыг ус ашиглагчаар эргүүлэн төлүүлэх журамын дагуу усны ордын нөхөн төлбөрт 2 тэрбум орчим төгрөгийг төлөх юм.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зөвхөн үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтын ажил, харин үйлдвэрийн гаднах дэд бүтэц, газрын тосны үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны өндөр хүүтэй (жилийн 12 хувь) зээлээр санхүүжиж байгаа тул усны ордын нөхөн төлбөрөөс чөлөөлөх шаардлагатай байна.

Түүхий эдийн хангамж

Өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж буй манай улсын хувьд тус үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй, найдвартай хангах нь асуудал тулгамдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 2012 онд Газрын тосны газар (хуучин нэрээр)-ын хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тус газрын даргын 125 дугаар тушаалаар батлуулсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан 1.5 сая тонн байхаар тогтсон. Гэтэл газрын тосны Тосон-Уул, Тамсагийн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь сүүлийн жилүүдэд тодорхой шалтгаануудын улмаас, тухайлбал, бүс нутгийн эрчим хүчний хангамжийн дутагдал, орон нутгийн эсэргүүцэл, дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнийн уналт зэргээс хамаарч олборлолтыг төлөвлөсөн хэмжээнд хүргэхгүй байгаа төдийгүй, цаашид ч бууруулахаар төлөвлөж байгаа нь стратегийн чухал ач холбогдол бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж чадахгүйд хүрэх, түүнчлэн олборлогч компаниудын хараат байдалд орох эрсдэл үүсэж болзошгүй байна. Иймд, төрийн өмчит газрын тос боловсруулах үйлдвэр түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн учир уг хуулийг батлаад байгаа юм.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг сайжруулж, санал дүгнэлт гарган ажилласан. Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин ажилласан бөгөөд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж буй Дорноговь аймгийн Засаг даргаар олон жил ажилласан хүний хувьд газар орны байдал, иргэдийн аж амьдралыг хамгийн сайн мэдэх хүний хувьд хуульд орсон зохицуулалтаас гадуур үлдсэн зарим чухал асуудлуудыг уг төсөлд нэмж тусгахад идэвх санаачилгатай оролцсон юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн санаачилгаар хуульд оруулсан чухал зүйл бол,

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэр гэж тодорхойлон, үйлдвэр барих болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс ямар байдлаар дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан тусгасан байна.
  • Барилга барихад шаардагдах зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ түргэвчилсэн бүрдүүлэлт хийх, мэргэжлийн ажиллах хүч гадаадаас авах асуудлыг Засгийн газар шийдэхээр хуульд тусгуулсан юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар манай эдийн засаг түлш, шатахууны импортын хараат байдлаас гарч, эрдэс баялгаа боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, гадагш урсах валютын хэмжээг бууруулж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих боломж бүрдэнэ. Мөн олон тооны шууд ба шууд бус ажлын байр бий болсноор говийн бүсэд Монгол Улсын хөгжлийн шинэ төв цогцлох болно.

ШИНЭ МЭДЭЭ