Зөрчлөө арилгахгүй, иргэдийг хохироож байгаа хувийн конторуудын эрхийг цуцлаж эхэлжээ
2021.02.17
Улстөр

Зөрчлөө арилгахгүй, иргэдийг хохироож байгаа хувийн конторуудын эрхийг цуцлаж эхэлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ иргэдээс ирүүлсэн гомдол бүрийг нягтлан шалгаж, хариу ямар арга хэмжээ авснаа нийгэмд мэдээлж, тайлагнадаг жишиг тогтоосон.

Энэ дагуу тэрбээр "Хэрэглэгчдийг удаа дараа хохироож, зөрчлөө арилгахгүй байгаа хувийн конторуудын эрхийг цуцлаж, шилжүүлж эхэлсэн.

Энэ удаад "Хан-Уул дүүргийн II хороонд байрлалтай 103 байр, III хороонд байрлалтай "Алтаргана хотхон" 44а, 446, 44в дугаар байр, "Эрчим өргөө-21" | хотхоны 48 байруудын дулаан түгээх, хангах үйл ажиллагааг эрхэлдэг "Баатар дулаан хан" ХХК-ийг болиулж, ОСНААУГ-т шилжүүллээ.

Цагаан сарын өдрүүдээр хариуцсан үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, хэрэглэгчийг хохироосон СХД Аптаун вилла хотхоныг хариуцсан "Дай сэцэн" болон бусад конторуудад арга хэмжээ авах саналыг хүргүүллээ” хэмээн мэдээллээ. "Баатар дулаан хан” ХХК нь олон мянган хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэж, байнга хохироосоор иржээ. Энэ талаарх оршин суугчдын гомдол ШӨХТГ-т олноор ирсэн тул тус газраас холбогдох шалгалт, хяналтыг хийснээр дээрх арга хэмжээг авсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн "Аптаун вилла” хотхон нь битүүний өдөр айл өрхийг хэрэглээний усаар хангаж чадаагүйгээс ихээхэн бухимдал үүсгэсэн байна. Тиймээс ШӨХТГ-аас эдгээр байгууллагын болон хэрэглэгчдийг хохироож буй бусад конторын удирдлагуудад арга хэмжээ авах саналыг "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаярт хүргүүлсэн байна.

Цаашид ч хяналт шалгалтыг үргэлжлүүлэх юм байна. Мөн "Баатар дулаан хан” ХХК-тай холбоотой олон мянган хэрэглэгчийн сэтгэгдэл, гомдол болоод энэ талаарх ШӨХТГ-ын албаны хүний байр суурийг бид эргэн хүргэх болно.

У.Тэргэл

ШИНЭ МЭДЭЭ