2021.02.17
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Хөл хорионы үед зохиомол хомсдол үүсэх эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Хурлаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, суурин болон явуулын шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хүнсний зах, бөөний төвүүдийг шат дараатай нээж байгаа учир хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл бий болгохоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэж ажиллахыг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт нь тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ