Хуулийн төсөл: Караоке, зочид буудлын өрөөнд дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж суурилуулахыг хориглоно
2021.02.18
Хууль, эрх зүй

Хуулийн төсөл: Караоке, зочид буудлын өрөөнд дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж суурилуулахыг хориглоно

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулан УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Олон нийтээс санал авахаар яамны вэб сайтад хуулийн төслийг байршуулсан байна.

Одоо мөрдөгдөж буй Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар зааж, хувь хүнийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэрхэх талаар энэ хуульд тусгаагүй байсан.

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон.

Ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.

Тиймээс технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа өнөө үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийн зарим заалтын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сошиалд мэдээлжээ.

Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд царай таних камерыг хориглож байгаа. Мөн албан байгууллага, дэлгүүр хүний биометрик мэдээллийг замбараагүй цуглуулж байгааг хязгаарлана” гэсэн байна.

ХЗДХЯ-ны вэб сайтад байршуулсан хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна.

4.1.1.“хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хувь хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг;

4.1.2.“хүний эмзэг мэдээлэл” гэж Хувь хүний нууцын тухай хуулийн 4.1- д заасан болон хувь хүний үндэс, угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, итгэл үнэмшил, санхүү, генетик, биометрик, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн амьдралын талаарх мэдээллийг;

4.1.8.“генетикийн мэдээлэл” гэж биологийн сорьцын шинжилгээгээр тогтоосон хувь хүний бие махбодь, эрүүл мэнд, өвлөн авсан удамшлын шинж чанарыг илэрхийлсэн дахин давтагдашгүй мэдээллийг;

4.1.9.“биометрик мэдээлэл” гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой зэрэг хувь хүний бие махбодитой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг;

10.2.Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтныг таньж, баталгаажуулах үйлдлийг хялбарчлах зорилгоор ажил олгогч ажилтны биометрик мэдээллийг цуглуулж, ашиглаж болно. Ажил олгогч биометрик мэдээллийг цуглуулж, ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангаж ажиллана.

12.1.Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.

13.2.Мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад зөвшөөрөл шаардахгүй.

15.1.4.мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдээлэл цуглуулсан, боловсруулсан, ашигласан, мэдээллийг анх цуглуулсан зорилгод хүрсэн, эсхүл анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор мэдээллийг ашигласан гэж үзвэл өөрийн мэдээллийг устгуулах;

26.4.1.ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах хориглоно.

ШИНЭ МЭДЭЭ