2021.02.22
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

AstraZeneca вакцины дээжийг УОК-ын даргад хүлээлгэн өглөө

БНЭУ-ын Мумбай хотоос Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээсэн AstraZeneca вакциныг МИАТ-ийн агаарын хөлгөөр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун вакцин өнөөдөр авчирлаа.

Уг вакцинаар эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлынхан зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчид зэргийг вакцинжуулахаар эрэмбэлсэн төлөвлөгөө гаргасан билээ. Уг вакциныг хийлгэснээс хойш хэр хугацааны дараа дархлаа тогтох талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.

Тэрбээр "Өнөөдөр манай улс 150 мянган хүн тун вакцин хүлээн авсан. Нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзэхэд 75 мянган хүнийг дархлаажуулах тун юм.

Вакциныг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажиллана. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүсэх юм. Бидэнд ирсэн мэдээллээр AstraZeneca вакцин нь 95 хувийн үр дүнтэй байгаа. Шинээр бүтээсэн вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох талаар судалж байна.

Түүнчлэн вакцин хийлгэхээс өмнө бүгд эмчийн үзлэгт орно. Эмчийн үзлэгээр тухайн хүнд хийх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байдлаа хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин хийлгэх эсэхийг шийднэ гэсэн үг. Ямар нэг вакцин хийлгэсэн, хурц халдварт өвчнөөр өвчилсөн, халуунтай байвал тухайн хүнд вакцин хийхгүй байх заалттай" гэлээ.

Вакцины дээжийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, ЭМ-ийн сайд С.Энхболд болон ЭМЯ, ГХЯ-ны төлөөлөл тус үйл ажиллагаанд оролцов.

Эхний ээлжийн 150 мянган хүн тун AstraZeneca вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар өгч буйг Элчин сайд М.П.Сингх мэдэгдлээ.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт маргааш эхлэх бөгөөд анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэх бол бусад тунгаар эрүүл мэндийн салбарын болон үүрэг гүйцэтгэж буй онцгой, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг дархлаажуулах юм.

ШИНЭ МЭДЭЭ