МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хоёр хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна
2021.02.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хоёр хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна

УИХ-аар хэлэлцэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг нь тухай хуулийн төслийн “эх баригч” болдог. Тодруулбал, тухайн хуулийн үзэл баримтлалаас эхлээд зүйл заалт нэг бүр, үг, үсэг, тэмдэгтийн гээд хуулийг бүтээдэг гол хүмүүс болдог. Тэр дундаа тухайн ажлын хэсгийг ахалж ажиллана гэдэг бол УИХ-ын гишүүний мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлийг илэрхийлэх том ажил болдог.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд гишүүн Г.Мөнхцэцэг  чухал хуулийн төслүүдийг ахлан ажиллажээ. Тэрээр Соёлын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ахлан ажиллаж байна.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд дараахь зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хуулийн нийтлэг үндэслэл болох хэсэгт хуулийн зорилтыг тодорхойлж, соёлын тухай хууль тогтоомж, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тогтоож, зарим нэр томъёог жигдэлжээ.  Уг хууль 1996 онд анх батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 14 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Харин энэ удаад хуульд шинэчлэл хийж байгаа юм.

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай

хуулийн төслийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Уг хуульд гадаргын ба газрын доорх усны нөөцөөс хамаарч түүний ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоох, ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан эсхүл хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулсан тохиолдолд ус ашиглах эрхийг хязгаарлах, цуцлах, цэнгэг усны ордыг аж үйлдвэрлэл болон уул уурхайн зориулалтаар ашиглахыг хориглох, усны хомсдолын түвшинг тогтоох аргачлалыг батлах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлэх зэрэг харилцааг зохицуулахаар тусгажээ.

УИХ-ын Г.Мөнхцэцэг намрын чуулганы хугацаанд хоёр хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллахаас гадна хэд хэдэн хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласны нэг нь Музейн тухай хууль юм. Тэрээр Хуулийн хэлэлцүүлгийн үеэр зарчмын санал гаргаж, музейн ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарч, 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор заасныг 8 жил тутамд болгон нөхцөлийг сайжруулах заалтыг оруулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ