2021.02.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: 2020 оноос өмнө сангаас шууд олгосон зээлүүд дээр эргэлзээтэй асуудал бий

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ дотор эргэлзээтэй зүйл бол 2020 оноос өмнө олгосон зээл, сангаасаа шууд олгож байсан зээлүүд дээр эргэлзээ байна. Таван хэсэгт хуваасан байхад хэвийн 14.5 хувь, үлдэж байгаа 150 тэрбум гаруй төгрөг нь хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу гэсэн ангилалд орж байна. Арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа зээлийн хувьд харьцангуй гайгүй явж байгаа дүн гарсан байна. Тэгэхээр ЖДҮ-ийн зээлийг цаашдаа яаж олгох вэ?

2020 оноос хойш олгогдсон зээл 22.8 тэрбум төгрөг нь хэвийн гэсэн дүн ирүүлсэн байна. Цаасан дээр төсөл бичиж байгаад зээл авна. Зээлээ бол шууд хэрэглээндээ ашиглана. Машин авах, байшин барих, хүүхдээ гэрлүүлнэ гэдэг үзэл сэтгэлгээнээс өөрчлөгдөж байна уу?

Төрийн тодорхой хэмжээний бодлого зохицуулалт хийж чадаж байна уу? Тухайлбал нэг аймаг дээр гэхэд онцын шаардлагагүй байхад ямар ч зохицуулалтгүй 10 талхны цех байгуулна гээд зээл авчхаар, өмнө нь ажиллаж байсан гурван цех, сүүлд нь нэмэгдсэн долоон цехэд ч ажил байхгүй гашуун туршлага байдаг. 10 гаруй жилийн өмнө "Сүү" ХХК-ний сүү авах цэгийг Батширээт сум дээр байгуулсан. Анх 480 км-ээс сүү авна гэж байхгүй. Бид нар 150 км-ээс сүүгээ авдаг байгууллага гэсэн. Харин учрыг тайлбарласнаар "СҮҮ" ХХК-ны сүү авах цэг байгуулсан. Гэтэл бодлого зохицуулалт нь байхгүй учраас тэнд дөрөв, таван ААН-үүд сүү аваад эхлэхээр...  Жишээлбэл энэ жил "СҮҮ" ХХК -хан долоон сард бараг буугаад явж байсан. Яагаад гэвэл сүү нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болоод өнгөрч байна. Ийм бодлого зохицуулалтгүй яваад байгаа зүйлүүд байна.

ЖДҮ ажлын байр байгуулах чухал юм. Банкны шалгуураас хол сумийн ИТХ, холбогдох зөвлөлтэйгээр өрхийн, хувийн жижиг бизнес эрхлэх боломжийг олгоод,  УИХ-ын гишүүний саналаар хуваарилдаг... Хөрөнгө санхүүгээс манай Хэнтий аймагт гэхэд 22 сум тосгон газарт, нэг сум, тосгонд гэхэд 200-300 сая төгрөгийн зээлийн сан байгуулаад өгчихсөн. Эхлээд овоо явж байгаад сүүлдээ нөгөө мөнгийг хуваагаад авчихдаг. Манай нам надад өгсөн, миний чихийг авбал ав гээд сууж байдаг болсон. Суман дээр шүүх хурал нь зохион байгуулагдаад явж байна. Энэ буруу үзэл, ухамсар гэдэг зүйлээс манайхан хол байж, тэнд нь эрх зүйн зохицуулалтыг нь хийж өгч чадаж байна уу үгүй юу?

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Жижиг дундын сангийн зээлийн зарцуулалтыг эргээд харахаар тантай яг санал нэг байгаа. Бидний өмнө нь явж ирсэн зарчим нь төсвөөс зээл аваад цаашаа ААН-дэд зээлээд яваад байсан. Эргээд төлөлтийн нөхцөл байдал өнөөдрийн бидний харж байгаа тоогоор илэрхийлэгдэж байгаа.

Цаашдаа ЖДҮ-ийн агентлагийн зорилго бол хөнгөлөлттэй зээл, бонд гаргах санхүүгийн эрсдэлүүдээр дамжуулж хөрөнгө босгох ажлыг хийнэ. Зээл олгох үйл ажиллагааг тогтсон санхүүгийн салбар буюу банк санхүүгийн салбар өөрөө хийгээд явах ёстой. Үүн рүү төрийн захиргааны байгууллагаа сангаар дамжуулж зээл олгодог зарчим байж болохгүй. Энэ дээр өөрчлөлт оруулахаар эрх зүйн орчинд нь судалгаа хийж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ