МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР: Цар тахлын сургамж ба ХӨГЖИЛ ДЭВШИЛ
2021.01.05
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР: Цар тахлын сургамж ба ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Улиран одож буй 2020 он хүн төрөлхтөнд эрт эдүгээгээ эргэцүүлэн бодох, сэхээрэх, урагш тэмүүлэх их хүчийг өгсөн жил байлаа.

"КОВИД-19" цар тахал нэг улсын хүрээнээс хальж, дэлхий нийтийн хамтын ажиллагааг шаардсан маш өвөрмөц нөхцөл байдлыг үүсгээд байна.
Хүмүүс коронагийн халдварыг авахгүй юмсан гэж сэтгэл зовж байгаа нь дан ганц өөрийгөө бодож байгаа явдал биш, хайртай гэр бүлийнхэндээ халдааж болохгүйн төлөө зовинож байгааг харж болно. Улс орон ч бас үүнтэй адилхан юм.
Цар тахлыг дэлхий нийтээрээ “баяртай байхгүй үхэл” гэж нэрлэж байна. Хайртай дотны хүмүүсээ шилэн хаалга, цонхны цаанаас харж, гарыг нь атгаж чадахгүй, айпад, таблет, утасны цаанаас харж үдэх ийм нөхцөл байдалд дэлхий даяараа орж байна.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их сүйрэл дагуулсан тахал 1330 оноос зүүн болон төв Азид нохой бөөсөнд хазуулсан хүнээс хүнд дамжиж дэлгэрсэн гэдэг. Үүнээс болж Евразийн хүн амын тоо дөрөвний нэгээр хорогдож байсан бол 1520 онд цагаан бурхан дэгдсэнээр Мексик улс жишээ нь 22 сая хүнтэй байснаа нэг жилийн дотор 14 сая болсон гэдэг. 1853 онд тархсан хижигийн улмаас Хавайд ердөө 70 мянган хүн үлдсэн байдаг бол 1918 оны Испани ханиаданд дэлхийн хүн амын гуравны нэг сүйдсэн байдаг. Энэ бүхэн дэлхийн түүхэнд маш их сургамж үлдээж, сургамж ажил хэрэг болсоор өнөөгийн өндөрлөгт хүрсэн гэхэд болно. Ганцхан жишээ хэлэхэд эрт дээр үед тахлыг хүүхдийн өвчин гэж нэрлэдэг байжээ. Дархлаа нь хөгжөөгүй балчир хүүхдүүд хүнс хоол тэжээлийн дутагдал, бохир орчин, өвчин эмгэгээс болж гурван хүүхдийн нэг нь энддэг байсан бол одоо дэлхий даяар хүүхдийн нас баралт бүх цаг үеийн хамгийн доод түвшинд буюу 5%-иас бага болж буурсан байна. Хөгжингүй орнуудад бараг 1% хүрсзн, харин манай улс 2018 онд 5 хүртэлх насны 1310 хүүхэд эндсэн байх ба амьд төрсөн 1000 хүүхдэд 16.9% байна. (ДЭМБ, Эрүүл мэндййн хөгжлийн төвийн судалгаа, 2018 он). Тахлын дэлгэрэлт бүрд яаж ийгээд тогтоон барихыг оролдож ирсэн, шинэ халдварт өвчин буюу гол төлөв нянгийн мутациар хувирсан төлөвөөр илэрч байгаа халдварт өвчнүүдэд хүртэл эм бэлдмэл бэлэн байна, цар тахлын вакцин гарсан, 2015 онд анагаах ухаан цоо шинэ төрлийн антибиотек хүртэл нээсэн билээ. Эбола вирус, "Ковид-19” цар тахал шиг өвчин дахин дэлгэрэхгүй гэх баталгаа байхгүй ч байгалийн давагдашгүй хүчин зүйл, аюул занал гэж үзэхгүй байх хэмжээний шинжлэх ухааны хүчин чадал хүн төрөлхтөнд нэгэнт бий болсон гэдэгт баттай итгэлтэй байна.
2020 оны их сорилтын жил ямар сургамж үлдээв гэдгийг эргэцүүлэхийг хичээе. 
ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО ВАКЦИНЖИХ БОЛОВ
2020 оны 12 дугаар сараас эхлэн Хятад, ОХУ, Англи, АНУ зэрэг томоохон эдийн засагтай орнууд иргэдээ вакцинд хамруулж эхлэсэн. Хятад улс "Ковид-19''-өөс болж алдсан нэр хүндээ сэргээх, эерэг дүр төрхийг дэлхий нийтэд бий болгохын тулд “вакцины дипломат бодлого” явуулж байна. Хөгжиж буй орнуудад 2021 он гэхэд 2 тэрбум тун вакцин нийлүүлэх зорилготой ДЭМБ-ын санаачилга болох “КОВАКС”-т Хятад улс нэгдсэн билээ. ОХУ ч ялгаагүй вакцины дипломат ажиллагаа” явуулж байна. “Спутник V” вакциныг ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын Ерөнхий ассемблейд үг хэлэхдээ вакцинжуулалтад НҮБ-ын ажилчдын үнэ төлбөргүй хамруулах боломжтой гэдгээ мэдэгдсэн.
“Слутник V” вакциныг нийлүүлэхээр Бразил (50 сая тун), Мексик (20 сая тун), Египет (25 сая тун), Балба (25 сая тун), Энэтхэг (100 сая тун) зэрэг улс хүсэлтэй байна, харин хөрөнгө босгохоор ажиллаж буй “КОВАКС” санаачилгад Оросууд нэгдэхийг яарахгүй байна. Нөгөө талаар, хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлэх өрсөлдөөнд Оросын хамгийн том өрсөлдөгч нь Хятад байх магадлалтай. Хятад, Оростой харьцуулахад “вакцины дипломат бодлого” хэрэгжүүлэхэд АНУ хоцорч явна. АНУ-д халдварын тохиолдол огт буурахгүй байгаа бөгөөд амь насаа алдсан хүний тоо 350 мянга руу дөхөж явна. Их Британи, Япон, Австрали, Канад зэрэг хөгжингүй орнууд иргэдээ вакцинжуулахаас гадна хөгжиж буй орнуудад “вакцин” илүүчлэхэд анхаарч байна. Тухайлбал, Их Британи хөгжиж буй 92 оронд вакцин авах боломжийг ижил тэгш хүртээх зорилготой Соvax АМС хөтөлбөрийг 550 сая фунт стерлингээр, мөн эмчилгээ, оношлуур, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой Соvax АСТ Асcelerator механизмыг 800 сая фунт стерлингээр санхүүжүүлсэн хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болоод байна. Япон ДЭМБ-ын “КОВАКС” санаачилгад 130 сая ам.доллар, Австрали 80 сая ам.доллар хандивлаад байна. Рfizer-ийн болон Мoderna фирмүүдийн вакцинууд өндөр хүлээлттэй байгаа нь улам бүр тодорхой болж байна.
ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ ЯСТ МЭЛХИЙН ХУРДААР ӨСӨХ НЬ
"Ковид-19" цар тахлын халдвар нь 2020 оны эхний хагаст эдийн засгийн үйл ажиллагаанд урьдчилан таамаглаж байснаас илүү сөрөг нөлөө үзүүлсэн байна. Хөл хорионоос болж 4 тэрбум орчим хүн гэртээ түгжигдээд байгаа энэ үед халдварын тархалтыг тогтоон барьж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ дэлхий даяарх 2.7 тэрбум ажлын байрыг хадгалах, цар тахлын нөлөөгөөр асар их хэмжээгээр хуримтлагдаад байгаа улсын өрийг хэрхэн нимгэлэх вэ зэрэг олон асуудал тулгамдаад байна. 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай байх ажээ. Дэлхийн банкны таамагласнаар 2020 онд дэлхийн ДНБ-ий өсөлт 5.2 хувиар буурах ба дэлхийн II дайнаас хойших хамгийн муу үзүүлэлт болж байна.
АНУ-ын эдийн засаг энэ онд 6.1 хувиар агшина гэх урьдчилсан таамаг байгаа бол Евро бүс 2020 онд 9.1 хувиар, Японы эдийн засаг 6.1 хувиар буурах төлөвтэй байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organization for Economic Cooperation and Development) “Цар тахлын улмаас 2020 онд дэлхийн эдийн засаг огцом унасны дараа 2021 онд 4.2 хувь өсч, улмаар 2022 онд 3.7 хувь өснө” гэж тайланд дурджээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүдээс ганцхан Хятад 2020 онд 1.8%, 2021 онд 8%-ийн хувийн өсөлттэй байхаар байна. Хятад улс 2028 онд GDP-ийн өсөлтөөр АНУ-ыг гүйцэж түрүүлж дэлхийд 1-т орно гэж Английн эрдэмтэд тооцоолсон байна. 

Цар тахлын улмаас 2020 онд 88 саяас 115 хүртэлх сая хүн нэн ядууралд орж магадгүй байгаа бол 2021 онд энэ тоо 23-35 саяар нэмэгдэж, хоёр жилийн дотор 110 саяас 150 саяд хүрч магадгүй байна. Дэлхийн улсууд иргэдээ, тэдний орлого тасалдсан бизнесийг хамгаалахын тулд бодлого, санхүүгийн төрөл бүрийн дэмжлэг үзүүлж, нийгмийн хамгааллын багц арга хэмжээ авч байгаа ч эдгээр нь урт хугацаанд, тогтвортой нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай.

ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ГЭРЛИЙН ХУРДААР НЭМЭГДЭЖ БАЙНА
Боловсролын хоцрогдолтой “Ковид-19 үеийнхэн” бий боллоо.Олон улсад 1,7 тэрбум хүүхэд танхимд суралцах боломжгүй болсон байна. Өнөөдөр дэлхийн аль ч улс оронд боловсролын системийг дижитал хэлбэрт оруулж, алсын зайнаас шууд сургаж эхлэхэд бүрэн бэлтгэгдсэн улс орон байсангүй. Цар тахлаас болж Ази, Номхон далайн бүс нутгийн сургуулийн хүүхдүүд сурах ёстой нийт хугацаанаасаа 0.7 жилээр богино сурахаар байгааг Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурджээ.Ингэснээр тэдний ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр 4 хувиар буурч, алсдаа тэгш бус байдлыг өсгөх нэг хүчин зүйл болох юм.
Харин "Ковид-19"-ийн тархалт дижиталчлал, цахимжилтын хурдыг эрчимжүүлж байна. Хиймэл оюун ухаан өнөөгийн технологийн чиг хандлагыг тодорхойлж, интернэтийн 5С технологид шилжих шаардлагатай болно. 5G технологи, үүлэн технологид суурилсан тоглоомын платформын үйлчилгээнүүдийг (Google-ийн Stadia, NVidia-ийн Ge-Force Now гэх мэт) хэзээ ч, хаанаас ч авах боломжтой болж кабелийн болон шилэн кабельд суурилсан сүлжээг жагсаалтаас гаргаж байна. Товчоор хэлбэл, 5С болон бусад дэвшилтэт, өндөр хурдны сүлжээнүүд байхгүй бол 2021 онд яригдаж буй хиймэл оюун ухаанд тулгуурласан дэлхийн хөгжлийн чиг хандлагууд хэрэгжих боломжгүй юм.
Эрүүл мэндийн салбарт “зүүдэг" хэрэгсэл хүмүүсийн сонирхлыг илүү татах төлөвтэй байна. Жирийн цагийг 5G сүлжээнд ашигласнаар хүний хэвийн бус зүрхний цохилтыг олж тогтоох боломж нээгдэнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт технологийн дэвшил өгөөжөө илүү их хүртээх цаг ирж байна. И-худалдаа стандарт үйлчилгээ болох төлөвтэй байна. "Ковид-19"-ийн нөлөөгөөр нийгмийн харилцаанд зай барих шаардлагатай болсноос цахим худалдаа 2020 оны гол тренд байлаа. 2021 онд энэ хандлага хэвээр байх боловч цахим худалдаа нь хэлбэрийн хувьд өөрчлөгдөх төлөвтэй байна. Дэлхийн улс орнуудад дижитал эдийн засгийн дэглэмүүд голдиролдоо оржээ.Үүнд бид харин бэлэн үү? 
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АЛДАА СУРГАМЖИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЁ
Дэлхийд "Ковид-19" цар таклын нөлөөгөөр зөвхөн цахим бараа, үйлчилгээний талбараас гадна телемедицин, зайны сургалт маш чухал болохыг бодитой харууллаа. Богино хугацаанд виртуал боломжийг бодит байдалтай хослуулах боллоо. Үүнд бэлэн байх нь хөгжиж байгаа орнуудад маш тулгамдсан асуудал болж байна.
Ковидын дараахь эдийн засгийн шинэ орчинд бид бэлдэх хэрэгтэй байна. Бидний хөрш Хятадын эдийн засгийн 30%-ийг дижитал эдийн засаг бүтээж байгааг мартах ёсгүй.Гадаад худалдаа улам бүр дижиталжиж, бүтэцжиж байна. Бараа бүтээгдэхүүний үнийг хиймэл оюун ухаан зангидаж, том компаниудад ашигтайгаар удирдах бүрэн боломжтой цаг ирж байна. Хүний хүсэл зорилгод удирдагдахгүй AI CARTEL-ийг өнөөгийн өрсөлдөөнт нийгэмд дэглэм журамд оруулж чадахгүй болохыг үгүйсгэхгүй юм.GAFA-ийн нийт ашиг мөнгөн дүнгээрээ глобал хэмжээний мөнгө санхүүгийн 30 том корпорацийн ашгаас 2 дахин илүү байна.Ийм орчин руу пал хийтэл орох нь ээ. Улс орнуудын эрх тэгшийн харилцаа, хамтын ажиллагаа мэдээлэл технологийн хамтрагч байж чадах эсэхээр шийдэгдэх цаг үе ирлээ. Үүнийг анхаараасай гэж хүсч байна. Нөгөө талаар манай улсад "Ковид-19'' цар тахлын үед онцгой байдал, аюулгүйн удирдлага, эмчилгээ, тандалт судалгааны удирдлагын явцад ил болж ирсэн янз бүрийн доголдол, бэрхшээлт асуудлуудыг өнгөц түр аргацаагаад орхих биш, сургамж гэж үзэж, шинэчлэл хийхийг амьдрал шаардаж байна.
Тайвань, БНСУ зэрэг улс дотоодод болон гадаадад гарч буй гоц халдварт өвчний тархалтыг хурдан хугацаанд мэдэрч арга хэмжээ авч, нэгдсэн удирдлагаар хангаж байдаг байнгын ажиллагаатай, эрүүл мэндийн онцгой үеийн удирдлагын бүтэцтэй. 

Гоц халдварт өвчин, тахал, био терроризм зайлшгүй бэлэн байдлыг шаардаж байна. Манай эрүүл мэндийн систем тайван цагийн удирдлага, зохион байгуулалтын л бүтэцтэй болохоос онцгой нөхцөлд яаралтай горимын арга хэмжээ авч ажиллах санхүү, боловсон хүчний нөөц, чадвар хангалттай биш байна. 

Энэ бүхнийг харгалзаж хууль эрхийн орчноо боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Ялангуяа шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцинаас гарах эрсдэл, нөхөн төлбөр, эмчилгээний талаар хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай юм. Нийгэм эдийн засаг болон бусад салбарт ч алдаагаа судалж, сургамжийг ажил хэрэг болгож байж хөгжил дэвшлийн цар хүрээгээ тэлэх болно.
Хөгжил дэвшилд хөдөлгөх хүч хэрэгтэй. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засгийн эрсдэлээс улс орноо хамгаалах хамгийн том салбар гэж үзэж, менежмэнтийн зоригтой алхмыг цаг алдахгүй хийснээр иргэдээ ядуурлаас аврах том хүчин зүйлийн нэг болно. Энэ бүхнийг дижитал эдийн засаг, мэдээлэл технологийн ертөнц рүү зоригтой алхах оюунлаг иргэд, хөхиүлэн дэмжих сайн засаглал хийж чадна.
Монгол оюун ухаанаа ашиглацгаая.
УИХ-ЫН ГИШҮҮН ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР
 2021 оны нэгдүгээр сарын 4

ШИНЭ МЭДЭЭ