МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмэгтэй гишүүд эрхийнхээ өдрөөр хуулийн төсөл өргөн барилаа
2021.03.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эмэгтэй гишүүд эрхийнхээ өдрөөр хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.   

ШИНЭ МЭДЭЭ