МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
2021.03.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.

Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан байна.

ШИНЭ МЭДЭЭ