МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутгийн Үндсэн хуулийн онцлох шинэчлэл
2021.03.12
Орон нутгийн хөгжил

Орон нутгийн Үндсэн хуулийн онцлох шинэчлэл

Орон нутгийн эрх мэдлийг хуваарилах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хоёр парламент, гурван чуулган дамжиж батлагдлаа. Орон нутагт эрх мэдэл өгөх малгайн дор баталсан хуулийн шинэчлэлээр иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдлыг тодорхой болгож,  сум, дүүргийг орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байхаар тусгасан.

Орон нутгийн “Үндсэн хууль” гэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг намрын чуулганаар баталсан нь нэг алхам урагшилсан явдал. Гэтэл нөгөө талд нийслэл, дүүрэг хөгжлийн цоо шинэ бодлоготой болох хүлээлтэд нийцсэнгүй гэх шүүмжлэл ч гарсан. Тэр хэрээрээр ч орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн хуулийг батлахад парламентын гадна, дотноос улстөрчид, нам бусчууд хамгийн идэвхтэй байр сууриа илэрхийлсэн гэж хэлж болно. Мөн төрийн босоо тогтолцоог Засгийн газарт бий болгосон хэмээн үзэж Ерөнхийлөгч хориг тавьсан удаатай.

Хоригийн талаар ЕТГ-ын дарга Ө.Шижир тайлбар өгөхдөө “Ерөнхий сайд буюу дээд шатны Засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл огцруулахаар тусгасан. Орон нутгийн сонгуулиар  харилцан адилгүй  үр дүн гарсан бол Ерөнхий сайд тухайн орон нутгийн сонгуулийн үр дүнг өөрийн хүссэнээр өөрчлөх, Засаг дагыг огцруулах, сахилгын шийтгэл оноох хүртэл эрх мэдэлтэй болж байна. Өөрөөр хэлбэл, орон нутгийн сонгуульд оролцох иргэдийн сонгох эрхэд ноцтой халдаж байна. 1990 онд Ардчилсан холбооны тэмцэж байсан тэмцлийн үе рүү буцаад ухарсан гэж үзэж болно" хэмээсэн. Гэсэн ч эрх баригч нам Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталж  2022 оны нэгдүгээр сараас мөрдөхөөр болсон юм.

Хоёр жилийн турш боловсруулсан гэгдэж буй хуулийн онцлох шинэчлэлийг дурдвал, орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуваарилахаар тусгасан юм. Мөн орон нутгийг улс төрөөс ангид байлгах зорилгоор ИТХ үйл ажиллагаагаа намын бүлгээр бус байнгын болон түр хороо, ажлын баг зэрэг дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулж орон нутгийн шат шатны нэгжүүдийн чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхой болгож өгсөн.

Засаг даргад нэр дэвшүүлэх, огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн “томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг даргын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга шууд шийдвэрлэж байхаар тусгав.

Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар,  ХХОАТ-ыг аймаг нийслэл рүү биш сум дүүрэг рүү өгснөөр орлогыг хураах бизнесийн идэвхжлийг дэмжинэ. Энэ бол анх удаа хийгдэж байгаа төслийн томоохон реформ болж байгаа. Ингэснээр орон нутаг цаашид бие дааж хөгжих бүрэн бололцоо бүрдсэн гэж хууль санаачлагдаж хэлж байгаа юм. Аймаг нийслэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлэхээр өөрчлөлт хийв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт оруулна

 

-Орон нутгийн ажил, амьдралыг зохицуулах суурь хууль юм. Орон нутаг татаасгүй бие даах асуудал ярьж байгаа нь зөв. Улсын төсвөөс бүгд хараат байна. Зургаан засаг захиргааны нэгж биеэ дааж, бусад нь төсвөөс хараат байгаа. Герман улсад гэхэд гурван муж нь бусдыгаа тэжээдэг. Манай орон нутгийн төсвийн бааз суурь их сул. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг баталснаар дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт оруулах нүсэр ажил эхэлж байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг тусгайлан гаргахыг энэ хуульд заасан.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хөгжил мэдэхгүй хүмүүсийг Засаг даргаар томилдог

-Нийслэл, дүүрэг хөгжлийн цоо шинэ бодлоготой болно гэх зүйл харагдахгүй байна. Бид хөгжил, дэвшил авчрахын тулд л хуулийг шинэчилдэг. Жишээлбэл,  улс төрийн намууд  нийслэлд ялалт байгуулбал энэ хүн нийслэлийн Засаг дарга болно, түүний баг нь ийм хүмүүс байна, энэ баг нийслэлийг ингэж хөгжүүлнэ гэдэг бодлоготой байж иргэдээс санал авах ёстой. Харин одоо бол ялсан нам нь хоорондоо ярьж байгаад хот байгуулалтын талаар ямар ч ойлголтгүй, дүүргийн хөгжил мэдэхгүй хүмүүсийг Засаг даргаар томилдог. Энэ бидний хүсэн хүлээж байсан хууль болж чадсангүй. Төсвийг нь нийслэл хариуцахгүй бол дүүрэг хариуцах ямар ч боломжгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.11 ПҮРЭВ № 47 (6524)

ШИНЭ МЭДЭЭ