МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Тогтохсүрэн: Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль болон томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
2021.03.15
Улстөр

Д.Тогтохсүрэн: Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль болон томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр (2021.03.15) ээлжит хурлаа хийж, хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар УИХ-ын хаврын чуулганаар дөрвөн асуудалд онцгой анхаарах ёстой гэж үзлээ.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрлөлтийн хүрээнд хийх эрхзүйн шинэлчлэлийн асуудлыг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага бий. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчийн асуудлууд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улстөрийн намын тухай хууль, Орон нутаг, хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэх мэт томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэж батална.

Эдгээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу, УИХ-ын 02 тоот тогтоолын дагуу хийгдэж буй эрхзүйн шинэчлэлийн гол хуулиуд юм.
Хоёрдугаарт, Хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёс тогтоох, шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэсэн эрхзүйн байдлыг сайжруулах чиглэлээр тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах ёстой.

Гуравдугаарт, УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ томилгоо хийх, төсвийн зарцуулалтын тодорхой эрх мэдлүүд хязгаарлагдсан боловч хяналтын чиг үүргүүд нэмэгдүүлсэнтэй холбоотой эрхзүйн орчинг сайжруулах шаардлага үүсэж буй юм.

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээг сайжруулах, УИХ-аас өнгөрсөн онд баталсан тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах шаардлага үүсээд буй. Энэ хүрээнд хаврын чуулганы нэгдсэн чуулган хуралдах юм” гэв.

Мөн өнөөдрийн хуралдаанаар ТББХ-ны даргыг томилох болон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, БШУС-ын сайд болсонтой холбоотойгоор түүнийг байнгын хорооны даргаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг ТББХ-ны даргаар томилохыг МАН-ын бүлгийн хурлаар дэмжлээ. Мөн МАН-ын бүлэг гурван дэд даргатай байсан нь хоёр дэд даргатай болж байна. Бүлгийн дэд дарга С.Амарсайхан Засгийн газрын гишүүн, Шадар сайд болсон. Үүнтэй холбоотойгоор түүнийг намын бүлгийн дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ” гэв.

ШИНЭ МЭДЭЭ