Б.Бат-Эрдэнэ: Тулгамдсан 76 асуудлыг шийдвэрлэсэн жил байх болно
2021.03.15
Хүний эрх

Б.Бат-Эрдэнэ: Тулгамдсан 76 асуудлыг шийдвэрлэсэн жил байх болно

Засгийн газрын тохируулагч агентлаг, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэлээ.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг. 

Тэрээр хэлэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд корона вирусын цар тахалтай холбоотойгоор дэлхий дахинд шинэ нөхцөл байдал үүсч, амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. ШӨХТГ-ын зүгээс энэ шинэ нөхцөлд хэрэглэгчийн эрхийг хэрхэн, яаж хамгаалах талаар үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Түүнчлэн өнгөрсөн онд өмч хувьчлалтай холбоотой асуудал буюу 1991 онд иргэдэд тараасан ягаан, цэнхэр тасалбар зэмшигч жижиг хувьцаа эзэмшигч нарын эрх ашгийг хамгаалах асуудлыг сөхөн тавьж, нэлээд зүйл хийгээд явж байна.

Энэ жилийн Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "КОВИД-19 цар тахалын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сорилт, сайн туршлага"-ын талаар харилцан туршлага солилцох олон улсын "ЦАХИМ ХУРАЛ"-ыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэ форумд зочин илтгэгчээр НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн газар , БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газар, Италийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллага оролцох бөгөөд Англи, БНСУ, Бельги, Польш, Барбодас улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөл, бусад олон улсын байгууллагууд оролцохоор мэдэгдээд байна.

Олон улсын энэ цахим форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож үг хэлнэ. Форумын үеэр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын түвшинд хэрхэн хамтран ажиллах, хил дамнасан худалдааг хэрхэн өргөжүүлэх, ялангуяа хатуу хөл хорио тогтоосон үед шинээр өргөн хүрээтэй нэвтэрч байгаа цахим худалдаатай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулна.

Монгол Улсын Засгийн газраас улс орныхоо эдийн засгийг сэргээх, зах зээлээ хамгаалах талаар томоохон шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж байгаа энэ үед олон улсын цахим форум хийж байгаа нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд ялангуяа хил дамнасан худалдаатай холбоотой асуудлаар Монгол Улсаас гаргасан санаачлага илүү үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

ШӨХТГ-аас 2021 онд хэрэглэгчийн өмнө тулгамдсан 76 асуудлыг хөндөж, www.asuulga.mn гээд сайтаар дамжуулан ард түмний дунд санал асуулгыг явуулсан.

Ирэх жилийн буюу 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд энэ 76 асуудлыг сууриар нь шийдвэрлэж чадвал хэрэглэгчийн өмнө байнга тулгамдаж байдаг улирлын шинж чанартай асуудлыг цогцоор нь шийдвэрлэх эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ