МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэлийн “Цуг шинэчилнэ” хүчтэй байна
2021.03.19
Улстөр

О.Цогтгэрэлийн “Цуг шинэчилнэ” хүчтэй байна

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжилж байна. Сонгуулийн бүрийн ялагдалд хүнд цохилт авсан тус нам намын жинхэнэ даргагүй, тамга тэмдэг нь 2 хүнд хуваагдчихсан байдалтай чамгүй хугацааг үдсэн. Ардчиллын салхийг эхлүүлэгчид суурийг нь тавьсан тус нам дотоод ардчилал яриад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг олон тийшээ арзайн зүтгэсний эцэст өдгөө эвээ олж эхэлж байна.

Намын даргынхаа сунгааг эхэлж, шижигнэсэн залуус нэрээ дэвшүүлж, гишүүд дэмжигчдийнхээ дунд шинэчлэлийн бодлогоо танилцуулсаар байна. АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид болох УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл, МҮХАТ-ын Ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшин, НИТХ-ын төлөөлөгч Даваахүүгийн Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд нар мөрийн хөтөлбөрөө гишүүдээ танилцуулах уулзалт, цар тахлын нөхцөл байдлаас улбаалж, УОК-аас гаргасан дүрэм журмын хүрээнд зайнаас буюу цахимаар зохион байгуулагдаж байгаа юм.

Нэр дэвшигч бүр намаа өөд нь татах, ялалтад хүргэх өөр өөрийн гэсэн үзэл баримтлалаар боловсруулсан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаагийн дундаас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн “Цуг шинэчилнэ” уриатай хөтөлбөр АН-ын гишүүд дэмжигчдийн дунд хүчтэй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ.

Шинэ, залуу эрч хүчтэй 70, 80 оны залуус намын даргад нэр дэвшин, эв эеийг эрхэм болгон сонгуулийн сурталчилгаагаа явуулж буй бөгөөд О.Цогтгэрэлийн Цуг шинэчилье буюу намын бүх гишүүдийн хүчин зүтгэлийг хөтөлбөрийнхөө гол зарчимаа болгосонд АН-ын гишүүд талархан хүлээн авч байна. Эв нэгдлээ эрхэмлэн, намаа эрс шинэчлээрэй гэдэг захиасыг цахим уулзалтад оролцсон намын гишүүд нь ч хэлж, амжилт хүссээр байгаа аж.

О.Цогтгэрэлийн “Цуг шинэчилнэ” хөтөлбөрийг тоймлон хүргэвэл:

АРДЧИЛСАН НАМ ЭВЛЭРНЭ, АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ НАМУУД ЭВЛЭНЭ

Олуулаа, шат шатныхантайгаа, цугтаа шинэчлэх бүрэн шинэчлэлийн эхнийх нь эв нэгдлийн шинэчлэл байна. Дарга төвтэй, төвлөрөл төвтэй тогтолцоог задалж, анхан шат, дунд шат руу эрхийг нь өгөхөөс, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог улам ихээр хангахаас энэ шинэчлэл эхэлнэ. Гишүүн бүрээ оролцуулдаг, ардчилсан үзэл санааныхаа талд зогсдог бүхнийг нэгтгэсэн ХҮРТЭЭМЖТЭЙ нам болгон ЦУГ ШИНЭЧИЛНЭ.

АРДЧИЛСАН НАМ ХАЛАМЖИЙН КАПИТАЛИЗМЫГ НУРААНА

Иргэд нь оролцдоггүй, иргэддээ эрхийг нь бүрэн олгодоггүй, төсөв тойрсон, төв рүү чиглэсэн, уул уурхайгаас хамаарсан эдийн засагтай болсон. Үүнийг Ардчилсан нам өөрчилнө. Ардчилсан намд ч бас гишүүдээ оролцуулдаггүй, дарга нар шийддэг, төв рүү чиглэсэн соёл бий. Үүнийг бид цуг шинэчилнэ. Оролцоог нэмэгдүүлж, гишүүдээ оролцуулдаг, дундаа ярилцаж, олуулаа шийддэг НАМ болно.

Энэ бодлогоо, энэ шинэчлэлийг ХҮРТЭЭМЖТЭЙ болгоно гэж томьёолж ШИНЭЧЛЭЛИЙН 4Х-ийн нэгээр нэрлэлээ.

АРДЧИЛСАН НАМД РЕБРЭНДИНГ ХИЙНЭ             /ДАХИН БРЭНДЧИЛНЭ/

Ардчилсан нам гэж хэлэхэд сонгогчдын ой тоонд юу буудаг вэ? Ардчилсан нам, Ардын нам хоёрт М үсэгнээс өөр ямар ялгаа байгаа гэж хардаг бол? Ардчиллын тулгуур үнэт зүйл эрх чөлөө, хүний эрх гэдгийг өнөөдрийн гучтангууд мэдэх үү? Ийм учраас Ардчилсан нам гарвал Монголд юу шинэчлэгдэхийг, сонгогчдын амьдралыг хэрхэн өөрчлөхийг тодорхой хэлж, бүх зүйлээ өнгөлөн тордож, сонгогчдын ой тоонд дахин шинээр байршина. Шинэчлэл гэдэг дарга солихын төдий ойлголт биш. Ялангуяа Ардчилсан намын шинэчлэл гэдэг хэлбэрийн төдийхөн ажил биш. Бид иж бүрэн шинэчлэл хийж чадвал үлдэх, үгүй бол “арчигдах” том сорилтын өмнө байна. Ардчилсан нам урьдынхаасаа тэс өөр

  • ХӨНГӨН
  • ХУРДАН
  • ХҮРТЭЭМЖТЭЙ
  • ХОЛБОГДДОГ

болж байж сонгогчдын ой тоонд дахин өөрөөр байршина, ахин сэргэн мандана. Энэ өөрчлөлтийг шат шатны гишүүдтэйгээ ЦУГтаа шинэчилнэ.

АРДЧИЛСАН НАМ ҮРГЭЛЖИД БАРУУН ТӨВИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫНХАА ТАЛД

  • Ардчилал, оролцоо, иргэний ардчилал
  • Нээлттэй нийгэм, чөлөөт зах зээл
  • Эдийн засаг дах төрийн бага оролцоо
  • Бага татвар
  • Өөрөө бүтээх, хөдөлмөрлөх эрх

Хавтгайрсан халамж, үрэлгэн данхар төсвийн бодлогоос ажлын байрыг нэмэгдүүлэх, орлогын боломжийг бий болгох чиглэл рүү шилжиж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах шинэчлэлийг Ардчилсан нам мянга мянган гишүүдтэйгээ ЦУГтаа хэрэгжүүлнэ

АРДЧИЛСАН НАМ ХӨНГӨН НАМ БОЛНО

Энэ бол цайзад сууж, түүнийхээ сүрэнд нэгдэн, биежиж байдаг “хүнд, нүсэр” нам болох МАН-аас тэс эсрэг бүтэц, зохион байгуулалттай болно гэсэн үг. Хатуу дэд бүтэц, том байшин, өндөр санхүүжилтээс татгалзана гэсэн үг.

  • Уламжлалт нүсэр үйл ажиллагааг технологийн тусламжтайгаар орлуулж,
  • Уялдаа холбоогүй олон газар хэлтсийг бууруулж цомхон, уян хатан болгож,
  • Төв нам болоод дарга тойрсон эрх мэдэл, төвлөрлийг бууруулж, дунд анхан шатыг чадавхижуулахаас ажил эхлэнэ.

Үүнийг дагаад санхүүгийн өндөр босго, том дэнчин, татвар буурна. Том аппарат, нүсэр үйл ажиллагаагаар биш цомхон баг, дижитал уян хатан үйл ажиллагаагаар, хоосон популизм, сүржин мэдэгдлээр биш судалгаатай тооцоолол, чадварлаг залуусаараа цаашид өрсөлдөнө. Хөнгөн болохын тусам ХУРДАН болно.

ХӨГЖИЛ БОЛ ХӨНГӨРӨЛТ

Олборлолт, тариалалтаас боловсруулалт, үйлдвэрлэл рүү, боловсруулалт, үйлдвэрлэлээс брэндинг рүү гэх мэтээр мэдлэг, оюун шингэсэн зүйлс рүү, эдийн засаг шилжихийн хирээр бүтээмж нэмэгдэж, эрсдэл буурч, хөгжил ирнэ гэж итгэдэг.

Ийм учраас улс ч, нам ч ХӨНГӨН бас ХУРДАН болох ёстой гэж үзэж, түүн рүү зорихоор 4X шинэчлэлийн хөтөлбөрөө дэвшүүлж байна. Ардчилсан Монгол орноо, Ардчилсан намаа ХӨНГӨН, ХУРДАН, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХОЛБОГДДОГ болгох шинэчлэлд та бид ЦУГтаа байх болно.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мөрийн хөтөлбөртөө зөвхөн намаа шинэчлэхээс гадна улс орны эдийн засгаа цар тахлын цаг үед хэрхэн сэргээж, зөв гольдролд оруулах үзэл санаагаа ч боловсруулсанаа танилцуулж байна. ЦУГ ШИНЭЧИЛНЭ хөтөлбөрийг энд дарж дэлгэрэнгүй танилцаарай.

ШИНЭ МЭДЭЭ