Ц.Эрдэнэбаяр: Хөрөнгө оруулагчдад таатай, орон нутгийн иргэдэд ашигтай, үр өгөөжтэй байх эрхзүйн орчин бүрдэнэ
Газрын тосны хайгуул, судалгааны ажил монгол оронд өрнөж эхэлсэнээс хойш 80 жил болж байна. Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон энэ салбар Улсын төсөвийн багагүй хувийг бүрдүүлдэг.
Тус салбарын хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар салбарынхан нь ажиллаж байгаа. Энэ талаар болон салбарын бусад асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.
2021 онд Уул уурхайн хүнд үйлдвэрийн Г.Ёндон сайдын тушаалаар Газрын тосны тухай хууль болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
- Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. 2014 онд батлагдсан 45 зүйлтэй Газрын тосны хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг. Харин 2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцаа зохицуулагддаг.
Дээрх хоёр хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулж байгаа гол зохицуулалт нь ямар асуудал байна вэ?
- Эхлээд Газрын тосны хуульд оруулах шаардлагатай асуудлыг ярья. Газрын тосны хувьд эхлээд хайгуулийн ажил хийгдэж, тос байна уу, үгүй юу гэдгийг илрүүлэх шаардлагатай. Хэрвээ хайгуулийн үйл явц ашигтай болвол ашиглалт уруу шилжих буюу олборлоно. Олборлосны дараа газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ.
Гэтэл хайгуулын ажил эрсдэл өндөртэй, хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай учраас гадны хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж, орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг.
Нэг жишээ дурьдахад 2018 онд Өвөрхангай аймгийн Гучин ус суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан компани 100 гаруй нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн цаг үед манай салбараас мэргэжилтэнүүд очиж, иргэдтэй уулзаж, тайлбар мэдээлэл өгсөний үр дүнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан түүх бий. Иймд орон нутгийн засаг, захиргааныхан Засгийн газраас гарсан хууль тогтоомжийн талаарх үнэн, зөв мэдээллийг иргэддээ хүргэж ажиллах хэрэгтэй байгаа юм.
Уг нь хуулийн дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ажлаа хийгээд явж байгаа компаниуд ийм эрсдэлтэй учирах ёсгүй.Тийм учраас дээрх хуулиудад өөрчлөлт хийж хөрнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэхээс гадна орон нутгийн иргэдэд ашигтай, байгальд ээлтэй ажиллах нөхцөл ил тод байж, товчхондоо тоглолтын дүрэм тодорхой байх хэрэгтэй байна. Ингэж чадвал хайгуулын үйл ажиллагаа хөгжинө.
Хайгуулын ажил хийхэд хэр их хугацаа, хөрөнгө мөнгө ордог вэ?
- Нэг өрмийн ажил тавихад дунджаар 2000 орчим метрийн гүний өрөмдлөг хийгддэг. Дэлхийн ерөнхий статистикаар 100 өрөмөөс 2-3 нь ашигтай гарч байвал, амжилт гэж тооцдог ч гарсан тос болгон өгөөжөө өгдөггүй. Зарим нь хуурай гарна, тосны шинж чанарыг лаборатораар шинжилнэ, бас эдийн засгийн үр өгөөжийг гаргаж ирж байж дараагийн асуудал уруу шилжинэ.
Нэг өрмийн ажил хийхэд ойролцоогоор 2-3 сарын хугацаанд 3-5 сая ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болдог. Дотоодын компаниудад ийм хэмжээний хөрөнгө мөнгөний чадавхи байхгүй учраас гадны хөрөнгө оруулалтын компаниуд ажиллаж байна. Монгол орны хувьд геологийн тогтоцоороо газрын тос гарах магадлал өндөр гэж мэргэжилтэнүүд дүгнэдэгээс гадна манай тос олон улсад гологдоод байдаггүй сайн тостой.
Хайгуулийн ажил том газар нутгийг хамарч хийгддэг. Энэ онцлогоос шалтгаалан газартай холбоотой маргаантай асуудал гардаг уу?
- Хуульд оруулах нэг чухал өөрчлөлт бол газрын асуудлыг шийдэх. Газрын тухай хуульд ашиглалтын талбай нь улсын тусгай хэрэгцээт газар байна гэж заасан байдаг. Газрыг авах, ашиглах, олгох 287-р журамын дагуу тухайн газраа Засгийн газрын хэмжээнд шийдэж тусгай хэрэгцээний газар болгодог.
Гэтэл 40-50 мянган километр квадрат хэмжээтэй газрыг тусгай хэрэгцээнд оруулах нь маш хүнд асуудал.
Тусгай хэрэгцээнд газрыг оруулахад нөхөн олговор олгох, бусад лицензтэй газар, айлын өвөлжөө, хаваржаа таарна гээд асуудал их бий. Хэрвээ энэ бүхэн дээр нөхөн олговор өгөөд явбал энэ салбар хөгжихгүй.
Энэ хуулийг бусад салбарын хуультай уялдуулах шаардлага гарч байгаа юм байна. Тухайлбал Газрын тосны хуульд нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлнэ гэсэн заалт байдаг ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй маргаантай байдаг. Энэ асуудлын шийдлийн талаар яригдаж байгаа юу?
- Байгалийн баялагаа ашиглуулж байгаа орон нутаг үр өгөөжөө хүртэх ёстой. Газрын тосны хуульд нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлнэ гэж байдаг. Гэтэл төсвийн тухай хуульд зааснаар орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 21 аймаг 300 гаруй сум уруу төсөв хувиарлагддаг учир энэ мөнгө төвлөрч чаддаггүй.
Хэрвээ Дорнод аймагт амьдарч байгаа иргэд өөрсдөө 30 хувиа аваад эхэлбэл аймагт 20 хувь, суманд 10 хувь хувиаралсан байдаг. Бидний тооцооллоор жилдээ 3 орчим тэрбум төгрөг тухайн орон нутгийн санд үлдэх боломж гарна.Энэ мөнгө орон нутагт төвлөрч чадвал тухайн сум өөрөө хөгжих цаашлаад нутгийн иргэд үр шимээ хүртэж, хөрөнгө оруулагчдад таатай хандах нэг нөхцөл бүрдэнэ. Иймд бусад салбарын хуультай дээрх хуулийг уялдуулан өөрчлөх шаардлага гарсан юм.
Газрын тосны хайгуул хийж байгаа компаниуд нөхөн сэргээлтийн ажлыг хэр хийдэг вэ?
- Газрын тосны чичирхийлэлт, судалгааны ажил өрмийн диатерт 30-40 см-т хийгддэгээс гадна ашиглалтанд Донки буюу тосоо татаж авдаг бүтээгдэхүүн ашигладаг. Хайгуулын ажил газрыг эвдэж, гэмтээх нь харьцангуй бага. Тухайлбал Бүгд Найрамдах Хятад Ард Улсад цэцэрлэгийн хашаан дотор Америкийн нэгдсэн улсад хот дотроо Донкин ажиллаад байж байдаг.
Харин газрын тос тээвэрлэхэд олон салаа зам үүсч, тоос шороо их гардаг. Үүнийг шийдвэрлэхээр Дорнод аймагт хатуу хучилттай зам барих ажил хийгдэж байна. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хуулийн дагуу хийгдээд явдаг. Ер нь энэ талаарх нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж төрийн захиргааны байгууллагууд сайн гүйцэтгэлтэй ажиллах шаардлага бий.
Хөдөө орон нутагт уул уурхай, газрын тосны салбарын харьяа газар байдаггүй. Уг нь энэ ажил хөдөө орон нутагт их өрнөж байна?
- Байгаль орчин, мэргэжлийн хяналт гэхэд аймаг бүрт салбартай, харин манай салбар хөдөө орон нутагт байдаггүйн үнэн. Салбар нэгжээ тэлэх шаардлага бий. Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар, агентлаг, яам гээд манай салбарын харъяа хэд хэдэн газруудын ажилтанууд нийслэл хотод төвлөрч ажиллаж байна.
Жишээ нь Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж, амьдарч байгаа нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлэхэд хотоос ирсэн мэргэжилтэн юм ярих нэг өөр, тухайн аймагт байгаа манай салбар, харьяа газрын мэргэжилтэнүүд тогтмол иргэдтэй уулзаж, үр өгөөжийн тайлбарлаад явах бас нэг өөр асуудал.
Иргэдийн ойлголт болон төр захиргааны уялдаа алслагдаад байна. Алслагдах тусам хоорондын уялдаа гарахгүй. Энэ салбарт хамгийн их хүн ажиллуулж, хүнд ачаа үүрч байгаа хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Бас чамлахааргүй орлогыг улсын төсөвт оруулдаг.
Газрын тосноос хэр их орлого улсын төсөвт оруулдаг вэ? Цар тахалын үед орлого яаж буурсан бэ?
- Өнөөдрийн байдлаар Монгол улсад газрын тосны 33 талбай ялгаснаас Дорнод аймгийн Халх гол, Матад сумын 19, 21-р талбай, мөн Дорноговь аймгийн Бүтээгдэхүүн хуваах гэрээт 97-р талбай гэсэн 3 ашиглалтын талбайгаас гаргасан газрын түүхий тосыг Бүгд Найрамдах Хятад Ард улсад экспортлож байна.
2019 онд 800 гаруй мянган тонн түүхий тос экспортлож, улсын төсөвт 220 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2020 онд цар тахалын үед 800 гаруй мянган тонн түүхий тос экспорлохоор төлөвлөж байсан ч төлөвлөгөө тасраад 550 гаруй мянган тонныг экспортлож, улсын төсөвт 110 орчим тэрбум төгрөгний орлого төвлөрүүлсэн.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Монгол улс түүхий тосоор эсвэл валютаар өөрийн хувь хэмжээг авна гэж заасан байдгаас гадна хөрөнгө оруулагч 60 хувь, Монгол улсын Засгийн газар 40 хувиа авна гэж заасан заалт бий. Манай улсын газрын тосны салбарт ойролцоогоор 4,3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн амжилт байна.
Манай улс Газрын тос боловсруулах үйлдвэрээ бариад эхэлчихсэн. Энэ үйлдвэр ашиглалтанд ороход эдийн засгийн үр өгөөж их байхаас гадна зохицуулах ямар, ямар асуудал байгаа вэ?
- Газрын тос боловсруулах үйлдлдвэр жилийн 1,5 сая тоннын хүчин чадалтайгаас гадна 2 сая тонн хүртэл өргөтгөх боломжтой. Монгол улсынхаа дотоодын хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай үйлдвэр, Евро-5 стандартын бинзен үйлдвэрлэнэ. Энгийн математикаар тооцвол 1,5 сая тонн түүхий эдийн хүчин чадалтай гэвэл энэ хэмээний тос хэрэгтэй. Одоо бид 800 гаруй мянган тонн тос экспортлож байна. Цаана нь 40 гаруй хувийн тос байхгүй байна гэсэн үг.
Иймд дараагийн хайгуулийн ажлыг эрчимжүүлэх шаардлага гарч байгаа учраас хуулийн зохицуулалтанд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нөгөө талаасаа үндэсний аж ахуй нэгжүүд чадваржих ёстой. Төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Монгол компаниуд өрөм тавьж, технологийн ажил хийж чадна. Төрийн зүгээс бодлогоор дэмжиж байж 5 жилийн дараа үндэсний компани өрмийн ажлаа хийдэг, 10 жилийн дараа технологийн ажлаа хийж, гадны ажилчдын оронд мэргэжлийн ажлаа манайхан хийдэг энэ орон зайг илүү тэлэх цаг болсон.
Монгол улсын Засгийн газар Монгол улсын нутаг дэвсгэр дэхь нийт газрын тосны талбайн менежментийг хийх ёстой. Бид гадны эксертүүдийг авах судалгаа, дүн шинжилгээ хийлгэх уялдаа холбоо сайжруулж, төлөвлөгөөтэй ажиллах потенциал бүхий талбайг гаргаж ирэх гэх мэт энэ ажил дээр хуулийн зохицуулалт зайлшгүй хийх хэрэгтэй.
Чанартай, чанаргүй бинзены асуудал их яригддаг. Энэ асуудалд танай байгууллага хяналат тавьдаг уу?
- Манай улсад нийт импортлож авч байгаа бүтээгдэхүүний 15-16 хувь нь Евро-5 стандартын шатахуун, үлдсэн нь Евро-2 шатахуун буюу К-2 бүтээгдэхүүн байна. Энэ хоёр бүтээгдэхүүн үнэ, чанарын хувьд ялгаатай.
Агаарт ялгарах хүхрийн хэмжээий хувьд Евро-5 бүтээгдэхүүн PM-10 бол Евро-2 бүтээгдэхүүн PM-1500 хэмээтэй хүхэр ялгаруулдаг.
Тийм учраас цаашдаа бид Евро-5 бүтээгдэхүүнийг түлхүү оруулж ирэх, нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Энэ нь Газрын тосны бүтээгдэхүүний хуулиар зохицуулагддаг.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулах ёстой ч зарим хөдөө орон нутагт зөвшөөрөлгүй газрууд цөөнгүй байдаг. Үүнийг зогсоох эрх Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтэнүүдэд байдаггүй. Одоогийн мөрдөж байгаа хуульд заавал мэргэжлийн хяналтын байцаагчтай явах зохицуулалттай. Харин хуулийн төсөлд тодорхой хэмжээний ахлах мэргэжилтэн эсвэл хэлтсийн дарга байцаагчийн эрхтэй байх зохицуулалт оруулж байгаа юм. Ингэснээр стандартын шаардлага хангаагүй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг шууд зогсоох, хаадаг эрхтэй болох юм.