Ч.Ундрам: Тогтолцоог сайжруулсны дараа ШУ-ны салбарын хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмнэ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН, сэтгүүлч М.Үүрийнтуяа
УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай шинжлэх ухааны салбарын хөгжил, хууль тогтоомж болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийг та хэрхэн харж байгаа вэ. Шинжлэх ухаанд оруулж байгаа хөрөнгө оруулалт ДНБ-ий 0.1 хувийг эзэлдэг гэхээр хөгжиж буй бусад орныхтой харьцуулахад хэд дахин бага тоо. Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин нь салбарын хөгжилд нөлөөлөхөөр сайн байж чадаж байна уу?
-Өнөөдөр аж үйлдвэрийн IV хувьсгал шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед бид амьдарч байна. Цаашид технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд юу үүсэх, хэрхэхийг таамаглахад бэрх боллоо. Энэ хөгжлийг дагаж зарим мэргэжил үгүй болж, зарим мэргэжил шинээр бий болж, ажил, амьдралын хэв маягийг хөнгөвчлөх олон шийдэл, технологиуд гарч ирж байна.
Био технологийн шинж чанартай өвчин, вирусууд гарч, тэдгээрийг эргээд анагаах аргууд ч олноороо гарсаар байгаа. Тиймээс улс орнууд үндэсний аюулгүй байдал, ард түмнээ бодоод шинжлэх ухаан, технологийн салбарт зайлшгүй анхаарах ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт шинжлэх ухаанд зориулж байгаа хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэхээр төлөвлөгөө оруулсан.
Ямартаа ч бидний эхний нөөц бололцоо ийм байна. Сайдын багцад шинжлэх ухаанд зориулж байгаа хөрөнгө оруулалт 47 тэрбум төгрөгийг Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан технологийн сангаас дахин хуваарилалт хийж, цааш дамжуулдаг.
Жил болгон 47 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гэдэг бусад улс орны шинжлэх ухаанд зарцуулж байгаа мөнгөнөөс бага. Гэсэн хэдий ч бид үүнийг чамлаад суухгүйгээр шинэ технологи, шийдлүүд бий болгох, улс орон, нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаас шийдэх бололцоо байна. Хамгийн чухал нь зарцуулалтыг зөв газарт нь, зөв чиглэлд нь, зөв судалгаанд өгөх хэрэгтэй. Харин одоо бол зөв зарцуулж байна уу гэдэг эргэлзээтэй.
-Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг ашигтай зарцуулж, судалгааны өгөөжийг нь дээшлүүлэх ёстой гэж үү?
-Тийм ээ. Жишээлбэл, сайдын багц 47 тэрбум төгрөгт дахин зарцуулалт хийж байгаа байгууллагын нэг Шинжлэх ухааны академид олон чадварлаг судлаач, эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг. 50-60 академич байдаг. Шинжлэх ухааны академид хуваарилагдаж байгаа мөнгөний дийлэнх хувь нь цалинд очдог. Цалингийн байдлыг аваад үзэхээр академичдийн цалин өндөр.
Тэд ШУА-ийн ажилтан, академичийн нэмэгдэл, доктор, профессорын нэмэгдэл, тэтгэвэр гээд гурван сая гаруй төгрөг авдаг. Гэтэл эрдэм шинжилгээний 2000 гаруй ажилтан байна. Энэ хүмүүс 800-850 мянган төгрөгийн цалин авдаг. Олон жилийг өөрийгөө боловсруулахад зарцуулсан, чадварлаг залуус маань судалгаа хийхийн хажуугаар ар гэрээ авч явна. Тэгэхээр бид улс орны уураг тархи болсон эрдэм шинжилгээний ажилтнуудыг хэдэн төгрөгөөр цалинжуулж байна вэ гэдэг асуудал.
Яг энэ залууст улсаас зарцуулж байгаа хөрөнгө оруулалт хүрмээр байгаа юм. Улс орнууд шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудаараа дамжуулж бодлогын судалгаа хийлгэдэг. Монгол Улсын хувьд агаар, хөрсний бохирдлоос хамгаалах, хог дахин боловсруулахад бодлогын судалгаа хийх нь илүү ашиг тустай байж болно. Үр ашгаар нь асуудлыг авч үзээд улсаас үүрэг өгөөд бодлогын судалгааг хийлгэдэг.
Гэтэл манай улс Шинжлэх ухаан технологийн санд мөнгө хуваарилахдаа бодлогын судалгаанд захиалга өгдөггүй. Мөнгө өгөөд түүнийг төслүүдэд хуваарилах байдлаар асуудалд ханддаг. Тэндээс санхүүжилт авахын тулд эрдэмтэд өөрийнхөө дуртай судалгаагаа бичээд төсөлд хүсэлт өгдөг, шалгардаг. Жишээлбэл, гоё үнэртэй лаа хийхийг хүсвэл тэр чиглэлээрээ төсөл бичээд өгнө, санхүүжилт авна гэсэн үг. Гэтэл агаар, хөрсний бохирдол гэсэн улс орны хэмжээнд бодлогоор анхаарах ёстой асуудлуудыг хэн судлах вэ.
Нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шинжлэх ухааны байгууллага, судалгааны их сургуулиуд, эрдэмтэд шийдэж байх ёстой. Тэгэж шийдүүлэх захиалгыг улсаас өгч байх ёстой. Ийм бодлогын уялдаа холбоо байхгүй. Өнгөрсөн 16 жилд Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжуулаад 183 тэрбум төгрөгийн санхүүжилт шинжлэх ухааны салбарт хийсэн байна. Энэ бол манай улсын хувьд бага мөнгө биш. Хэдэн сургууль, цэцэрлэг барих мөнгө билээ. 183 тэрбум төгрөгөөр 5000 гаруй судалгааг санхүүжүүлсэн байна.
Үүний нэг, хоёрхон хувь л патент болсон. Монгол Улсын өрсөлдөх чадварт нөлөөлсөн, эдийн засагт хувь нэмрээ оруулсан, экспорт, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн судалгаа маш бага. Тиймээс шинжлэх ухааны судалгааг илүү нийгмийн асуудлыг шийдүүлсэн, эдийн засагт хувь нэмэртэй болгох тогтолцоог бүрдүүлээд, тийш чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх нь зүйтэй. Тогтолцоогоо зөв болгож байгаад шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэхгүй бол байг олоогүй хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэхгүй.
-Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ашиг тусаа өгөх судалгаанд хөрөнгө оруулалтыг ахиу хийдэг болох, тогтолцоог зөв болгохын тулд юу шаардлагатай вэ. Үүнд, эрх зүйн орчин хангалттай бий юү?
-Нэгдүгээрт, Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжиж байгаа мөнгийг захиалгат судалгаанд л зарцуулах ёстой. Засгийн газраас шийдвэр гаргаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг эрэмбэлж, үүнээс захиалгат судалгааг салбар дундын эрдэмтдийн багаар хийлгэх нь хамгийн тохиромжтой. Бүтэц, зохион байгуулалтын хувьд ШУА-ийн хүрээлэнгүүд, их сургуулиуд, яам уялдаатай байх нь чухал.
Эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэх ёстой. Зарим давхардсан хүрээлэнгүүдийг нэгтгэх гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улсад 700 гаруй том, жижиг лаборатори их сургууль, академийн хүрээлэнгүүдэд байна. Лабораториудын тоотой харьцуулахад инновац, бүтээмж ярихад хэцүү. Тиймээс тэдгээр лабораторидаа хэрэгцээт судалгааг хамтарч хийвэл илүү үр дүнтэй.
-Хаврын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэнэ. Тус хуулиудад шинжлэх ухааны салбартай холбоотой ямар өөрчлөлтүүд орох вэ?
-Боловсролын багц хууль нь Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсрол, Судалгааны их сургуулийн тухай хууль гэсэн дөрвөн хуулиас бүрдэж байгаа юм. Шинжлэх ухаантай холбоотой гэвэл дээд боловсрол, их сургуулийн тухай асуудал яригдана. Их сургуулийн хувьд сургалт, судалгаа нь нэг зоосны хоёр тал байдаг.
Тиймээс их сургуулиуд судалгаа хийдэг байх ёстой гэсэн шаардлагыг хуульд тусгах ёстой. Судалгааных нь үзүүлэлтийг нэг багшид ногдож байгаа өгүүллийн тоогоор хэмжих, патент, шинэ бүтээгдэхүүн, оюуны өмч гаргаж байгаа тоогоор, гарааны бизнес, үйлдвэрлэлтэй ойрхон ажиллаж байгаагаар нь дүгнэх ёстой. Эдгээр хэмжүүрийг хангаж байвал их сургууль мөн. Үгүй бол коллеж гэсэн ялгаа байх хэрэгтэй. Харин шалгууруудыг хангаж байгаа их сургуулиудаас бодлогын судалгааг захиалах боломжтой.
-Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг мөн хэлэлцэнэ шүү дээ. Технологийн салбарт хууль, эрх зүйн орчин нөхцөл нь хэр уялдаатай байгаа вэ?
-Шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн салбарт судалгаа хийж байгаа нь нэг хэсэг, үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа нэг хэсэг байна. Технологи гэдэг бол нэг талаас үйлдвэрлэл гэсэн үг.
Тиймээс их сургуулиудыг үйлдвэрлэлтэй хамтарч инновац гаргах итгэлцлийг бид нээж өгөх ёстой. Салбар дундын судалгааг хийгээд ирэхэд технологийн салбарт хэрэгцээт судалгаануудыг гаргаад, тэдгээрийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
-Та энэ хаврын чуулганаар хэлэлцэх ямар хуулиудад голлон анхаарч байгаа вэ. Таны ярианаас шинжлэх ухаан, боловсролын салбарын асуудалд нэлээд анхаарна гэж ойлголоо?
-Мэдээж хаврын чуулганаар чухал хуулиудыг хэлэлцэнэ. Үүнээс Боловсролын багц хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын тухай хууль, Кино урлагийн тухай хууль гээд шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл урлагтай холбогдох хуулиудад хамгийн их анхаарч оролцоно гээд төлөвлөж байна.
Мөн хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь бидний үүрэг учраас өмнөх чуулганаар баталсан хуулиуд, жишээлбэл, Шүүхийн тухай хууль, Банкны тухай хуулийн хэрэгжилтэд маш сайн хяналт тавиад явах ёстой. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хүний эрхийн асуудалд хууль хэрэгжихгүй байна.
Яагаад одоо хүртэл энэ хүмүүсийн асуудал шийдэгдэхгүй яваад байгаа вэ гэдэгт хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө явна. Хууль, шүүхийн байгууллагын зарим асуудал ил боллоо. Олон нийтэд дэлгэгдсэн байгаа энэ асуудлуудад хуулийг хэрэгжүүлэх ёстой. Үүний төлөө ч мөн явна.
-Нэгэнт шинжлэх ухааны салбарын тухай ярьж байгаагийнх Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол өөрчлөлт юунд төвлөрөх бол оо?
-Энэ хуулиар Шинжлэх ухааны академийг Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага гээд тодорхойлчихсон. Гэтэл БШУЯ нь Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төв байгууллага.
Ингээд авч үзэхээр Монгол Улс шинжлэх ухааны асуудал эрхэлсэн хоёр төв байгууллагатай юм шиг болж байгаа юм. Уг давхардлыг арилгаж, хэрхэн уялдаатай, хамтын ажиллагаатай ажиллах талаас нь зохицуулж өгөх ёстой. Үүнд, ШУА-ийн хүрээлэнгүүд, яам, их сургуулиудын уялдаа холбоог хангуулах ёстойг хэлээд байгаа юм. Үгүй бол тус хууль ганц байгууллагад зориулсан хууль болчихсон.
-Монгол Улс музейн тухай бие даасан хуультай болоод удаагүй байна. УИХ-ын гишүүн хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд мөн анхаарах ёстой гэдгийг та тодотголоо. Музейн тухай хуулийн гол ач холбогдол, хэрэгжилт ямар байгаа вэ?
-Улсын болон үндэсний музей төрийн хамгаалалтад байна гэдгийг хуулиар тогтоосон. Монгол Улсын хосгүй өв соёл, үзмэрүүд музейд хадгалагддаг учраас төр хамгаалалтад авах ёстой. Музейн орон нутгийг сурталчлах үйл ажиллагаа, үзмэрүүдийг орон нутаг хариуцаж арчлах ёстой. Хувийн өмчийн музей ажиллуулж болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Ялангуяа сүүлийн 30 жилд Монгол Улсад хувийн цуглуулгатай хүмүүс олон болсон. Гадаадад байгаа Монголын соёлын өвүүдийг авчирч эсвэл Монголоосоо ч ховор нандин эд зүйлсийг цуглуулж байсан хүмүүс үзмэрүүдээ олон нийтэд таниулж, соёлын эргэлтэд оруулж байх ёстой. Үүнийг хуулиар дэмжсэн. Үзмэр үйлчилгээтэй шууд харьцдаг ажилтан хувьдаа цуглуулгагүй байх ёстой гэх мэтчилэн музейн ажилчдыг үзмэр үйлчилгээтэй шууд харьцдаг, харьцдаггүй гэж ангилж өгсөн.
Музейн ажилчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, цалин урамшууллын асуудлыг хуулиар шийдэж өгсөн. Музейн барилга байгууламж, аюулгүй байдлын хүрээнд музейн ойр 500 метрийн зайд тэсэрч дэлбэрэх аюултай үйлдвэр байгууламж, шатахуун түгээх станц барихыг хориглосон. Музейн стандарт бий болж байгаа.
Музейн бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдсэн. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх, ингэснээр музейд сургалтын үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа. Музей бол сургалт, судалгаа, соён гэгээрлийн төв гэдгийг тодотгох заалтууд хуульд орсон. Бүх заалт хэрэгжээд явж байна.
-Та УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод хагас жил боллоо. Гурван байнгын хорооны гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн гол ажлуудаасаа товч дурдвал юу юуг нэрлэх вэ?
-УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод хагас жил болж байна. Өнгөрсөн хугацаанд төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ хүрээндээ төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудын тайлан, баланс дээр нэлээн ажилласан. Ингэхдээ хууль, эрх зүйн орчныг нь сайжруулж, шинэчлэх ёстой талаар судалсан, асуудлыг энэ чуулганаар хэлэлцэнэ. Улсын үйлдвэрийн газрууд их хэмжээний хөрөнгөтэй, зарим нь алдагдалтай ажилладаг боловч маш үрэлгэн байдгийг сайжруулах ёстой.
Төсвийн хувьд аль болох зардлыг танах арга хэмжээг авсан. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш анхны төсөв батлахад оролцсон. Төсвийн ажлын хэсгийн хүрээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрнуудын гаднах 819 модон жорлонгийн асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд эмэгтэй гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтраад хоёр жилд нийт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон.
Орчин цагийн боловсролын тогтолцоо үүсээд 100 жил болж байхад модон жорлонгоос салаагүй байна гэдэг жижиг асуудал огт биш, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх суурь асуудал гэж үзэж байгаа. Зээлийн хүү бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт ажиллаж Банкны тухай хуулийг өргөн барилцаж батлуулсан. Улмаар Монголбанкны бодлогын хүү зургаан хувьд хүрч буурсан. Банкуудын зээлийн хүү үе шаттай буурч байна. Шинэ хууль батлагдсантай холбоотойгоор хугацаагүй дансанд байршиж байгаа мөнгөнд хүү тооцохоо больсон. Банкны засаглал илүү сайжрах тогтолцоог бүрдүүлж өгсөн.
Нэг гэр бүл 20 хувиас илүү хувьцаа эзэмшихгүй. Тусгай нөхцөлтэй хадгаламжийн эх үүсвэр татахыг хориглосон гээд олон санхүүгийн шинэчлэлүүдийг хийж ажиллалаа. Газар тариалангийн салбарын тоног төхөөрөмж, бордоо, үр зэргийг гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, өргөн барилаа. Энэ чуулганаар хэлэлцүүлнэ гэж төлөвлөж байгаа. Газар тариалангийн салбараас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд ч, коронавирусний улмаас үүссэн хүнд нөхцөлд ч тэр газар тариалангийн салбараа мартаж болохгүй.
Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ач холбогдолтой учраас газар тариалангийн салбарыг дэмжих хуулийг өргөн барилаа. Үндэсний боловсролын тогтолцоо, хөтөлбөрийг сайжруулах хүрээнд Боловсролын багц хуулийг өргөн барихаас өмнө анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлгүүд зохион байгууллаа.
-Цар тахалтай үед тойргийн иргэдтэйгээ уулзаж амжиж байна уу. Цар тахал, хөл хорио өрхүүдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа үед тойргийн иргэдээс нь санал хүсэлтүүд ирж байгаа байх?
-Сэлэнгэ аймагт коронавирус гарч нэг хэсэг хэцүүхэн байлаа. Энэ үед аймгийнхаа болон Улсын онцгой комисстой уялдаатай ажиллаж, асуудлыг шийдвэрлэхийн тулд ажиллаж байсан. Одоо Улаанбаатар хотод эрсдэл өндөр байгаа учраас тойргийн иргэдтэйгээ цахимаар харилцаж, санал хүсэлтийг бодлого, хөтөлбөрт тусгахыг хичээж байгаа. Саяхан аймаг, сумынхаа эмэгтэй төлөөлөгчидтэй онлайн хэлэлцүүлэг хийлээ.
Энэ жил тойргийнхоо ЕБС төгсөж байгаа сурагчдад математик, хими, физик, англи хэл, монгол хэл, нийгмийн хичээлээр цахим сургалтыг тэргүүний багш нараар заалгаж 1100 хүүхдийг хамруулж, ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхэд, бэлтгэсэн багш нарыг урамшуулах ажлыг аймгийнхаа Боловсролын газартай хамтраад хийж байна.