П.Анужин гишүүн тойрогтоо ажиллалаа
УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн сонгогдсон тойрогт ажиллалаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 17-р хороонд байрлах Нийтийн эзэмшлийн талбай дахь Хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрээр дүүрэг, хорооны удирдлагуудын хамт СХД-ийн 17-р хорооны 32 болон 33-р байрны дунд орших нийтийн эзэмшлийн талбайн бодит байдалтай танилцлаа.
Энэ хэсэгт хүүхдүүд тоглох, өндөр настай иргэдэд нарлах талбай байгаа хэдий ч тохижилт хангалтгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн П.Анужин ажлын алба 17-р хорооны Засаг дарга, хорооны хамт олонтой хамтран тохижилтын ажлыг яаралтай эхлүүлэхэд анхааран ажиллахаар боллоо.
Тэрээр мөн Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нийтийн эзэмшлийн талбайд хийхээр төлөвлөсөн ажилтай танилцлаа.
Тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөөд удаж буй дүүргийн Соёл, спортын төвийн төслийн ажилтай танилцаж, хорооны удирдлагуудтай газар дээр нь очиж, нөхцөл байдлыг харсан бөгөөд гишүүний ажлын алба энэхүү төслийг эхлүүлэх тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Үүний дараа тэрээр Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нийтийн эзэмшлийн талбайд хийхээр төлөвлөж буй ажилтай танилцсан юм.
16-р хорооны Засаг дарга, түүний хамт олон нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын олон ажил төлөвлөсөн. П.Анужин гишүүн эдгээр ажилтай газар дээр нь очиж танилцан ажлын албаараа дамжуулан дэмжин ажиллахаа хэллээ.