МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийг батлав
2021.03.24
Улстөр

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийг батлав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан 11 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны 19 гишүүнээс  7 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 гишүүн цахимаар оролцсон юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга Н.Энхболд Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, тус Дэд хорооны дүрмийн төслийг анх удаа боловсруулан хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Дэд хорооны хуралдааны явцад гишүүд дүрмийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй үзэж, хуулийн төслүүдийг боловсруулан Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтжээ.

Дэд хорооны санал, дүгнэлт, дүрмийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн нар Дэд хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Дэд хорооны дүрмийн төслийг боловсруулах явцад гадаадын зарим орны парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн. Тухайлбал, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, хуралдааны дэг, туршлагын талаар судалсан, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх боломжтой гэдгээ Дэд хорооны дарга хэллээ.

Дэд хороо нь Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах; Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх; Улсын Их Хурлын гишүүний эгүүлэн татахтай холбоотой асуудлын хүрээнд хуульд заасан байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал, дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр дүрмийн төсөлд тусгажээ. Дэд хороо энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал тарах; Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хууль тогтоомжид заасны дагуу түдгэлзүүлэх болон бүрэн эрхийг нь зөрчсөн асуудал, эгүүлэн татах саналын талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар, тодруулга авах, холбогдох судалгаа хийлгэх; Дэд хорооны хуралдаанд холбогдох гэрч, шаардлагатай этгээдийг дуудан оролцуулах; тодорхой асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалт явуулах үүрэгтэй ажлын хэсгийг дангаараа болон хамтарсан хэлбэрээр байгуулах, Дэд хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг бүрэн эрх эдлэхээр дүрмийн төсөлд тусгасан байна.  

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд нар үг хэлж, тогтоолын төсөл болон Дэд хорооны дүрмийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжиж, Дэд хорооны дүрэм батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ