МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2021.03.24
Уул уурхай, Ашигт малтмал

Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.24) хуралдаан 11 цаг 18 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны 19 гишүүнээс  7 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 гишүүн цахимаар оролцсон юм.

Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын нэр бүхий 20 гаруй гишүүн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.

Оюутолгойн ордын гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж ашигтай болгох, Дубайн гэрээг цуцлах асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд идэвхтэй өрнөж, ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж, улмаар талууд хэлэлцээр хийж нэгдсэн шийдэлд хүрэхээр ажиллаж байна. Иймээс үүсээд буй одоогийн нөхцөл байдлын үед асуудалд хувь гишүүний бус улс орны эрх ашгийн үүднээс нэг мөр ойлголттой, нэгдсэн байр суурьтай хандах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын бүтцэд уг асуудлыг хариуцсан Түр хороо байгуулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ