Ногоон өлгийг хамтдаа бүтээхэд гар бие оролцохыг уриалж байна
2021.03.29
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ногоон өлгийг хамтдаа бүтээхэд гар бие оролцохыг уриалж байна

Улс орон, уугуул нутаг маань хөгжихөд хүн бүрийн хичээл зүтгэл чухал бөгөөд бид ирээдүйдээ хойш үедээ хог биш, мод үржүүлэн үлдээвэл өвөг дээдсийн хүсэл биелнэ гэж би хувьдаа боддог. “Атадан мал қалғанша, тал қалсын” гэдэг эртний сургааль ч үүнтэй холбоотой.

Баян-Өлгий аймаг тэр дундаа Өлгий сумын иргэдэд тулгамддаг чухал асуудлуудын нэг бол аймгийн төвийн тоосжилт, орчны ногоон байгууламж, цөлжилт нэмэгдэж буй асуудал байдаг. Энэ талаар нэлээдгүй иргэдтэй санал бодлоо солилцож, санаа зовж явдаг хүний хувьд Өлгий хотыг ногоон бүс нутаг болгох ажлыг та бүхэнтэй хамт эхлүүлэхээр “НОГООН ӨЛГИЙ” аяныг санаачилж “ХОГ БИШ МОД ТАРЬЖ, НОГООН ӨЛГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уриалгыг гаргаж байна.

УИХ-ын гишүүн Т.Аубакир энэхүү аянд идэвхитэй оролцож хашаандаа мод тарьж, түүнийгээ сайн арчилж буй үлгэр жишээ 30 эко өрхийг шалгаруулан урамшуулахаар төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн надтай нэгэн зорилго дор нэгдэж, модны суулгацаа аван идэвхитэй оролцоорой гэж уриалж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 78.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн гэх судалгаа байдаг бөгөөд үүний эсрэг бидний хийж хэрэгжүүлэх ажил бол мод тарих. Энэхүү ажлыг бид тогтмол хийж чадах юм бол байгалийн сөрөг үзэгдлийн эсрэг зогсож чадна. Гишүүн энэхүү аянаа урт хугацааны үе шаттайгаар зохион байгуулахаар харж байгаа бөгөөд аяны хүрээнд Өлгий сумын өрх бүрийг моджуулах, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, цаашлаад Өлгийн залуу хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”-г бий болгох, Өлгий суманд жишиг гудамжуудыг бий болгох зэрэг үе шаттай олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийт 24,000 гаруй өрх байдаг бөгөөд тэдгээрийн 98% гэр хороололд амьдарч байна гэсэн Үндэсний статистикийн газрын 2020 оны судалгаа байдаг. Үүнээс үзэхэд аймгийн хэмжээнд өрх бүр хашаандаа 1 мод тарихад зөвхөн нэг удаадаа бид 24,000 модтой болох, Өлгий суманд 8500 гаруй өрх байдаг бөгөөд нэг өрх нэг мод тарихад зөвхөн нэг удаадаа 8500 модтой болох боломжтой юм. Ингээд үүнийгээ бид хавар намартаа тогтмол 5 жил дарааллан таривал нэг жилд 17,000 мод, 5 жилийн хугацаанд Өлгий сум нийт 85,000 модтой болно. Ийнхүү тэдгээр суулгасан модоо өрх бүр арчилж хамгаалж чадвал “НОГООН ӨЛГИЙ” хотыг бий болгох боломж байна.

Иймд тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдарч, үр хүүхдэдээ сайхан амьдрах орчинг өвлүүлэх гэсэн та бүхний чин хүсэл, цаашлаад түүн дээрээ суурилсан бодит оролцоогоор бид Өлгий нутгаа хөгжүүлнэ.

Сонирхуулахад, Ногоон орчинд амьдардаггүй хүмүүс таргалах магадлал 40 хувиар их байдаг ба ногоон орчингүй газарт ажиллаж амьдардаг хүмүүс 23 хувиар илүү өвчлөмтгий байдаг гэсэн нэгэн судалгаа байдаг. Мөн модтой орчин нь 5 минутын дотор стрессийн түвшинг бууруулдаг ба мод нь агаарыг бохирдуулагч бодисыг шүүж, астма болон бусад амьсгалын замын өвчин үүсгэхээс сэргийлдэг гэх зэрэг модны ач тусын талаар олон судалгаа байдгыг та бүхэндээ дуулгах нь зүйтэй болов уу.

ЖИЧ: Хүсвэл та бүхэн маань хүүхэд бүрийнхээ тоогоор мод тарьж, хайрлан хамгаалж, үр хүүхдүүддээ байгальтайгаа зөв харьцах, хайрлан хамгаалах, экологийн боловсролыг энэхүү аяны хүрээнд үлгэрлэн харуулаасай гэж хүсч байна. Хүүхдийн суурь боловсролыг эцэг эхчүүд бид өөрсдийнхөө үг, үйлдлээр өвлүүлж байдаг. Иймд та хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болгохыг хүсч байгаагаа өөрөөрөө үлгэрлэж харуулаарай.

Удирдамжтай холбоотой асууж тодруулах зүйлээ гишүүний ажлын албанаас тодруулж болохоос гадна УРАЛДААНЫ УДИРДАМЖИЙГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.

ШИНЭ МЭДЭЭ