Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд тус аймгийн халдварын байдлын талаар Шадар сайдтай уулзлаа
Улсын Их Хуралд Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар өнөөдөр /2021-03-29/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхантай уулзаж, Ковид-19 цар тахлын улмаас Өвөрхангай аймагт үүссэн нөхцөл байдлын талаар ярилцаж, зарим асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэхээр тохиролцлоо.
Өвөрхангай аймагт 2021 оны гуравдугаар сарын 22-нд “Сэмжид Хужирт” рашаан сувилалтай холбоотой халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 23-нд батлагдсан. Тэр даруйд нутгийн гишүүд Улсын онцгой комисст хандахад, Хужирт суманд явуулын PCR шинжилгээний лаборатори, аймгийн хэмжээнд тандалт судалгааны баг ажиллуулсан бөгөөд энэ хоёр ажлын хэсгийн ажлын үр дүн өндөр байгааг Шадар сайдад танилцууллаа.
Түүнчлэн Өвөрхангай аймагт гурван эх үүсвэртэй халдварын голомтыг хумих, тандалт судалгааг үргэлжлүүлэх, тархалтыг зогсоох чиглэлээр олон ажил хийж буй бөгөөд цаашид эдгээр ажлыг тасралтгүй явуулахад шаардлагатай хэд хэдэн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлэх шаардлага байгааг Шадар сайдад уламжиллаа.
Тухайлбал,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх,
- Хужирт суманд ажиллуулж байгаа явуулын PCR шинжилгээний лабораторийг үргэлжлүүлэн 2 хоногийн хугацаанд Бүрд суманд ажиллуулах
- Эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагч зэрэг халдварын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдыг вакцинжуулалтад нэн яаралтай хамруулах
- Цар тахлын дэгдэлт өндөр байгаагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжсэн сумдад шаардлагатай зарим зардлыг шийдвэрлэх талаар тодорхой саналуудыг Шадар сайдад тавьж, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан.
Шадар сайдын зүгээс гишүүдийн тавьж буй асуудалд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Тэрбээр улсын хэмжээнд 11 аймагт халдвар гарсан нь нэлээдгүй хүндрэл учруулж байгаа ч орон нутаг дахь томоохон голомт болоод буй Өвөрхангай аймагт халдварыг хумих, өвчлөлийг зогсоох чиглэлд онцгой анхаарч, шаардлагатай бүхий л асуудлыг шийдвэрлэхийг хичээх болно хэмээгээд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод тодорхой үүрэг чиглэлийг өгсөн.