МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив
2021.03.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

 Бямбасүрэнгийн Мягмар нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул түүнийг чөлөөлж, Хаянхярваагийн Амгаланбаатарыг томилох, түүнчлэн Тогтмолын Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболдыг томилох тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцуулснаар Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулах хөрөнгө 2021 онд нэг их наяд төгрөг болсон нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ийм мөнгөний эрх мэдэлтэй гэсэн үг. Тиймээс Зөвлөлд ажиллаж байгаа хүмүүс авлига ашиг сонирхлоос ангид байхын тулд ямар зарчмыг баримталж ажиллахыг, мөн эрүүл мэндийн даатгалд даатгууллаа ч эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай авч чаддаггүй гэж даатгалд итгэх иргэдийн итгэл сул байна, үүнийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулав. Дээрх асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд шударга ил тод байдлыг эрхэмлэж ажиллана гэсэн хариултыг өглөө. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Сангийн хөрөнгө хаана байршиж байгааг, эрсдэлгүй байна уу гэдгийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд Сангийн хөрөнгө мөнгө Төрийн санд байршиж байна гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ч.Ундрам нар санал хэлэв.

С.Чинзориг Зөвлөлийг албан тушаалтны нэрээр бус албан тушаалаар нь баталдаг болмоор байна. Хувь С.Энхболд гэдэг иргэн бус Эрүүл мэндийн сайд гэдгээр Зөвлөлд оролцох учир албан тушаалаар баталдаг болъё. Ингэснээр чөлөөлөх, томилох асуудал дахин дахин үүсэхгүй гэсэн санал хэлэв.

 Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Эрүүл мэндийн даатгалаар ямар нэр төрлийн тусламж, үйлчилгээг хүргэх амлалтаа биелүүлэхээс гадна даатгалд хамрагдах тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох, Зөвлөлийн бүрэлдэхүүн эрүүл мэндийн, эмийн компаниудын лоббинд автахгүй ажиллахыг захиж, саналаа хэллээ.  Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

 Үргэлжлүүлэн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг  “1/Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр: Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдыг томилох гэж өөрчлөх” буюу Зөвлөлийн бүрэлдэхүүнийг албан тушаалтны нэрээр бус албан тушаалаар нь баталдаг болох өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ