УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
"Хүүхдийн төлөө сан байгуулах тухай үйл ажиллагааг дэмжиж байгаа. Би нэг мэдээллийг танилцуулах гэсэн юм.
ҮСХ-ны мэдээллээр 2019 онд 0-18 насны 11453 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн тоо байна. Эдгээрээс 6518 хүүхэд ЕБС, 1740 нь Тусгай сургуульд сурч байна. 1585 хүүхэд цэцэрлэгийн насных бөгөөд тэдний 2019-2020 онд цэцэрлэгт хамрагдсан нь 1076 хүүхэд байна. Тиймээс эдгээр хүүхдийн хөгжлийг хүүхдийн төлөө сангаас дэмждэг байх асуудлыг энэ хуульд оруулах санал тавьсан. Уг төсөлд 21.3.2-т тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан ХБХ-д дэмжлэг үзүүлэх гэсэн заалтыг нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал оруулж байна.
ОУ, тив, дэлхийн урлаг спортын тэмцээн уралдаанд ХБХ оролцоход тусгай хэрэгцээнээс шалтгаалан асран хамгаалагч, дасгалжуулагчийн хамт явах шаардлагатай. Замын зардал, байр хоол, тэмцээний хураамжийг бүрэн олгохоос гадна, тэмцээнд оролцох хугацааны байр хоолны зардлыг олгох шаардлагатай байна гэсэн саналыг гаргаж байна.
Бидэнд сайн жишээ бий. 2018 онд Абу дабид болсон тусгай олимпт манай 20 тамирчин эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. Тиймээс энэ дэмжлэг нь хүүхдүүдэд урам өгч, урлаг спортоор дамжуулан идэвхийг бий болгон, нийгмийн идэвхийг нь нэмэгдүүлэх боломжтой юм."