“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
2021.04.01
Уул уурхай, Ашигт малтмал

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах” тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо.

Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй ажлын явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав. 

Монгол Улсын Их Хурал 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 92 дугаар тогтоол баталсан.

Уг тогтоолд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан юм.

ШИНЭ МЭДЭЭ