2021.04.02
Хууль, эрх зүй
Д.Сарангэрэл: Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст "Эдгэрсэн" гэсэн бичиг хийж өгөх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Вакцинжуулалтын хувьд Сангийн сайд, Эрүүл мэндийн яам гээд сайн ажиллаж байгаа. Эхний тунгаа хийлгэсэн хүмүүст дараагийн тунгаа хийлгэх вакцин байхгүй гэсэн ташаа мэдээлэл байна.Үүнд тайлбар хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн яам болон УОК эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны менежмент дээрээ илүү анхаарах хэрэгтэй.
Манайд олон мянган хүн Коронавирус тусаад, эдгэрээд, ажилдаа орох гэж байна. Гэтэл энэ хүмүүсийн шинжилгээнд 4-6 сард эсрэг биет үүсээд шинжилгээний хариу эерэг гарна. Энэ хүмүүст эдгэрсэн гэсэн бичиг өгөх ёстой. Мэдээлэл муу байгаа учраас эргэлзээ их гардаг.
Хамгийн том хамгаалалт бол маск. Гэтэл энэ тухай бага ярьж байна. Ер нь вакцины асуудал манай улсад мөнгөний талаар биш харин саяар нь оруулж ирнэ гэдэг сайн үзүүлэлт юм. Бид хүн амынхаа 60 хувийг 7 сард вакцинжуулж дуусна гэдэг бол том үзүүлэлт шүү.
Гишүүний асуултанд албаны хүмүүс хариулт өглөө.