МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
2021.04.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

 Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.06/ хуралдаанаар Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдэд мэдээлэл өгөв. Тэрбээр, дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Иран, Афганистан зэрэг улсууд бэлтгэдэг. Манай ноолуур боловсруулах салбарт гүн боловсруулах үйлдвэр 15, анхан шатны боловсруулах үйлдвэр 23, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэр 59, өрхийн жижиг цех 150-200 орчим үйл ажиллагаа явуулдаг.

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй эдлэлийн 1, угаах 25, хялгас ялгах 23, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны 1, эсгийлэх 120, нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг талаар тоон мэдээллийг дурьдаад ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр ноолуурын салбарт хөрөнгө оруулалтын санг бий болгох, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатайгаар түүхий эд бэлтгэлээс өмнө яаралтай шийдвэрлэх, салбарын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, түүнчлэн ноосны салбарт 2021 оны түүхий эд худалдан авалт, эргэлтийн хөрөнгөнд зориулж 66.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг таван жилийн  хугацаатай олгох, ноос ноолуурын салбарын дотоод зах зээлийг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаднаас оруулж ирэхэд 20-30 хувийн татвартай болох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг танилцуулав. 

    Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн ахлагчийн хийсэн мэдээлэлтэй  холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал  нар асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судалж шийдвэрлэхтэй холбогдуулан ер нь цаашид чөлөөлөөд байх шаардлагатай юу гэдэг талаар, Ж.Батжаргал хэчнээн хэмжээний зээлийн хэрэгцээ, шаардлага байгаа талаар болон ченжүүдэд зээл очихгүй байх зохицуулалтыг тодруулж, Ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хорооны дарга хариулт өгсөн юм. 

Дээрх асуултуудад Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдэд зээл олгох асуудал “10 их наяд хөтөлбөр”-ийн хүрээнд яригдаж байна. Үйлдвэрлэлээ хөгжүүлэх зориулалтаар яригдаж байгаа учир үйлдвэрлэгчид таатай хандаж буй тухай хариулсан бол Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн зээлийг ченжүүдэд өгөхгүй, зөвхөн боловсруулах үйлдвэр эрхлэгчдэд олгоно гэж  хариуллаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв. 

    Ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 84.6 хувийн саналаар дэмжиж, баталснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ