МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.08
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: Хоршооны менежмент, хяналтыг сайжруулах чиглэлд ямар заалтууд тусч байгаа вэ?

УИХ-ын чуулганы \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсад статистик тоон мэдээг харж байхад 4400 хоршоо байдаг юм байна. Үүний 84,3 хувь нь хөдөө орон нутагт. Энэ бол их тоо. Энэ хуультай холбоотой дөрвөн асуулт байна. 

Нэгдүгээрт: 

Хоршооны засаглал, менежмент, хяналт маш сул явж ирсэн. Тийм ч учраас хоршоо хөгжихгүй байгаа. Үүнээс болж нэг, хоёр хүний эрх ашгийн төлөө байгуулсан хоршоод олон байдаг. Энэ хоршоог гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг механизмыг бид энэ хуулиар оруулах хэрэгтэй. Тэгэхээр үүн рүү чиглэсэн засаглал, менежментийг сайжруулах чиглэлээр ямар заалтууд орж байна вэ? 

Хоёрдугаарт:

Иргэний хуульд хоршоо бол ашгийн бус байна гэдгийг өөрчлөөд ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байна гэж хувааж оруулж ирлээ. Тэгэхээр хуулиндаа ашгийн төлөө нь ийм зүйл заалттай, ашгийн бус нь ийм заалттай байна гэж ялгаатай оруулж ирсэн үү? Оруулж ирсэн бол ямар ялгаа байна вэ? Үгүй бол ингэх шаардлага харагдахгүй байна. Хамт өргөн барисан НӨАТ-ын тухай хуульд зарим орлогыг татвараас чөлөөлөх тухай заасан байна. Энэ хууль ашгийн төлөөдөө үйлчлэх үү? Ашгийн бусдаа үйлчлэх үү? 

Гуравдугаарт: 

Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хоршоо өөрөө даатгалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой болгож байгаа юм байна. Судлаад үзэхээр зарим улс зөвшөөрдөг, зарим улс зөвшөөрдөггүй юм байна. Ашгийн төлөө нь энэ үйл ажиллагааг эрхлэх юм уу? Ашгийн бус нь эрхлэх юм уу? Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг хоршоод хяналт муу учраас ард иргэдэд хохирол учруулсан туршлага байгаа. Тэгэхээр даатгалын үйл ажиллагаа эрхлээд ирэхээр дахиад ард иргэдийг хохироохгүй байх баталгаа байна уу? 

Дөрөвдүгээрт: 

Хоршоо дөрвөн гишүүнтэй байхаар заасан байна. Бусад улс оронд 15, Филиппинд 15, Өмнөд Солонгост 20 гишүүнтэй байна гэж зааж өгсөн байна. Үндэслэлтэй тооцоо судалгаа байгаа байх гэж бодож байна. Үүнд хариулт өгнө үү?

ШИНЭ МЭДЭЭ