С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй. Одоогоор 192 мянган тун байна
2021.04.11
Эрүүл мэнд

С.Амарсайхан: Вакцины нөөц тасраагүй. Одоогоор 192 мянган тун байна

Шадар сайд С.Амарсайхан 

“УОК, Засгийн газар шийдвэр гаргаж, 15 хоногийн хатуу хөл хорионд өнөөдрөөс шилжсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх гэж байна. ХӨСҮТ, ЭМЯ-наас холбогдох эрдэмтдийн зөвлөл цаг үеийн эрсдэлийн үнэлгээг хийж, хатуу хөл хорио тогтоох саналаа УОК, Засгийн газраар хэд хэдэн удаа хэлэлцүүлж, шийдвэрээ өнгөрсөн дөрөв дэх өдөр гаргасан. Энэ хүрээнд халдвар хамгааллын дэглэм, вакцинжуулалттай холбоотой асуудлаар тодруулга өгөх гэж байна.

Тархалт эрчимжиж, тохиолдлын тоо нэмэгдэж, эрсдэл бий болсон учраас хатуу хөл хорио тавьсан. Халдварын тархалтыг бууруулах, вакцинжуулалтын ажлын үр дүнг бууруулахгүй байх, хөл хорио тогтсоноос хойш дахин халдварын дэгдэлт бий болгохгүй байх тал дээр бүхий л бололцоог хангах зорилгоор хатуу хөл хорио тогтоож байгаа.

15 хоногийн хугацаанд аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсэж байна. Хөл хорионы үед вакцинжуулалтын ажлыг давхар явуулж болохгүй гэсэн ЭМЯ, салбарын мэргэжилтнүүдийн зөвлөмжийг бид дагаж байгаа. Вакцины нөөц тасраагүй.

Өнөөдрийн байдлаар 192 мянган вакцины нөөц байна. 19 аймагт халдвар бүртгэгдсэн. Вакцинжуулалтыг хатуу хөл хорионы үеэр давхар явуулах нь дэгдэлтийг нэмэгдүүлэх, багадаа 100-150 мянган вакцинд хамрагдах, хөл хөдөлгөөн гээд үүсэх нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы ач холбогдол үгүй болохоор байна.

Вакцинжуулалтаа 4 дүгээр сарын 25-ны өдрөөс дахин эрчимжүүлнэ. Вакцины хувьд өнөөдрийн байдлаар тодорхой нөөц байгаа ч гэсэн 4 дүгээр сарын 9-нд орж ирэх 300 мянган тун, 4 дүгээр сарын 12-нд ирэх 300 мянган тун вакцины татан авалт тээвэрлэлтийн хугацаа тодорхой хугацаагаар хойшилсон. Бид иргэдээсээ мэдээлэл нууж байгаа асуудал байхгүй” гэлээ.

192'000(нийт үлдэглэл) - 82'000 (AstraZeneca) - 12'800(Pfizer) = 97'200 (verocell үлдэгдэл). Энэ нь өдөрт 30'000 хүнд хийхэд 3 өдрийн л нөөц юм. Харин сүүлийн өдрүүдэд өдөрт 60 орчим мянган тун вакцин хийж байсан. Энэ хурдаар тооцож үзвэл 1.5 өдрийн нөөц үлдсэн гэсэн үг юм.

ШИНЭ МЭДЭЭ