Г.Амартүвшин: Татварын бодлогоор согтууруулах ундааг хязгаарлах нь зүйтэй
2021.04.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Г.Амартүвшин: Татварын бодлогоор согтууруулах ундааг хязгаарлах нь зүйтэй

Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Та Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Ерөнхий сайдад “С.Зоригийн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөх” тухай хүсэлт гаргасанХүсэлтийн дагуу энэ хэргийн материал нийтэд ил болохоор боллоо.

-Хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд чухал болгож явсны үр дүн гарлаа. Бид ардчилсан нийгэмд амьдарч байна гэж яриад байдаг боловч хүний эрх зөрчигдсөн асуудлыг ярьдаггүй юм байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн хамтаар иргэн Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлыг эсэргүүцэж, уг хэргийн материалуудыг ил болгож, үнэн шударгаар шийдвэрлүүлэх зорилгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хүсэлтээ өгсөн. Бидний зорьсон ажил үр дүнд хүрч материалыг нууцын зэрэглэлээс гаргахаар болсон. Маш олон жилийн турш “төрийн нууц” зэрэглэлд байсан уг хэргийн материал ийнхүү нээлттэй ил болсноор Монгол Улсын хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудыг хэлэлцэх зорилготой нийтийн сонсгол явуулах, тухайн хэрэгт гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан гэх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх дараа дараагийн ажлууд биднийг хүлээж байна. Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан нийгэм хүний эрхийг дээдэлдэг гэх хэдий ч зөвхөн энэ хэргээс харахад бид улсаараа нэгдэн орсон олон улсын конвенцын дүрэм журмаа зөрчиж, эрүүгийн хууль, хүний эрхийн хууль зэрэг маш олон хууль тогтоомж, шударга ёс тогтоох ёстой шүүх засаглалын шатанд зөрчил үүссэн байгаа юм. Энэ байдал дахин давтагдах ёсгүй. Бид үүнийг зүгээр хараад сонсоод сууж болохгүй. Европын орнууд хүний эрхийг үргэлж нэгдүгээрт тавьдаг. Манайд өөрт нь хамааралгүй л бол тоодоггүй. Хэрвээ бид үүнийг энэ чигээр нь орхивол цаашид асуудал хэрхэхийг таашгүй. ХЭҮК-ын төлөөлөлтэй уулзаж байхад манайд хүний эрх зөрчигдсөн, эрүүдэн шүүсэн 100 гаруй гомдол байдаг юм билээ.

Тиймээс энэ асуудлыг олон нийтийн, нийгмийн анхаарлын төвд байлгах нь чухал юм байна гэж үзсэн. Эхний удаад УИХ-ын дарга Г.Занданшатарт Ц.Мөнхцэцэг гишүүн бид хоёр хүний эрхийн, ялангуяа эрүүдэн шүүсэн хэргийн талаар нийтийн сонсгол хийе гэх хүсэлт тавьсан. Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэг улсын нууцад байдаг учраас тэр бүрийг ярих ямар ч боломжгүй юм билээ. Ц.Мөнхцэцэг гишүүн бид хоёр нэг зүйл дээр болгоомжтой хандаж байсан. Тэр нь явж байгаа шүүхийн процесст нь ямар нэгэн байдлаар нөлөөлж болохгүй гэсэн байр суурьтай байлаа.

-Энэ талаарх материалыг хэзээ ил болгох вэ?

-Өнөөдөр (өчигдөр) Х.Нямбаатар сайдад хэргийн бүх материалыг олон нийтэд ил болгох хүсэлт хүргүүллээ. Ингэхдээ цахим хэлбэрт оруулж сайт, эсвэл сошиал сувгаар ил болгох талаар хүсэлтдээ дурдсан. Хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүмүүс, сэтгүүлчид, ТББ зэрэг газрууд энэ материалтай танилцах боломжийг өгөөч гэж байгаа юм. Энэ асуудал нь зөвхөн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг биш бөгөөд хүний эрхийн суурь зарчмын асуудал яригдаж байгаа юм.

-УИХ аар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлтөөрчлөлт оруулах тухай хууль бол хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг баталсанХүүхдийн төлөө фонд нэртэй хуримтлал цуглуулах аян өрнүүлсэнЭнэ фонд дахь мөнгө хэрхэн зарцуулагдах вэ?

-Миний хувьд төрийн сан олшрох нь буруу гэж хардаг. Тэнд мөн л нэг нугалаа үүсч, дээр доороо идэж уух зүйл гарахыг үгүйсгэхгүй. Урлаг, соёлын одод Хүүхдийн төлөө фонд хэмээх хандивын аян өрнүүлж хоёр орчим тэрбум төгрөг цугларсан. Цугласан мөнгө нь арилжааны банкууд дээр түгжигдсэн байгаа юм байна лээ. Энэ хууль батлагдсанаар тэр мөнгийг сан руугаа татах боломжтой болно. Гэхдээ хүүхдийн сангийн зорилго нь их зөв санагдсан. Манайд хүүхэд залуучууд маань олон улсын тэмцээн уралдаанд явахад төсөв хайгаад явж байдаг. Энэ сан бий болсноор эдгээр асуудал шийдэгдэнэ. Хамгийн гол нь сангийн удирдлага нь зөв засаглалтай, нээлттэй, шийдвэр гаргалт, зарцуулалт нь ил тод байх ёстой. Жил бүр сангийн төсөв, зарцуулалтаа УИХ дээр танилцуулаад явах нь зүйтэй. Хүүхдийн төлөө сан хэд хэдэн санхүүгийн эх үүсвэртэй байна. Нэгдүгээрт, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар дуудлага худалдаагаар зараад орлогыг Хүүхдийн төлөө санд төвлөрүүлнэ. Хоёрдугаарт, хүүхдийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын арга хэмжээнээс олсон орлогоос тус санг санхүүжүүлнэ. Бусад улсад ч хүүхдийн сан байдаг. Хамгийн гол нь түүнийг зардал багатай, ил тод удирдаад явах нь чухал юм билээ.

-Согтууруулах ундаа худалдан борлуулахтүүгээр үйлчлэхийг хязгаарлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцээд эхэлсэнЭнэ хууль нийгэмд нэлээд шүүмжлэлд өрнөж байх шигЖижигдунд бизнес эрхлэгчдийн байр сууринаас бодож үзэх хэрэгтэй талаар та хэлж байсан...

-Согтууруулах ундааны зохистой хэрэглээг хуульчлах нь зөв хэдий ч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн байр сууринаас бас бодож үзэх шаардлагатай. Тухайлбал, хуулийн төслийн 26.3-т “Баар, ресторан, үйлчилгээний газарт согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй” гэж байна. Үүнээс болж үйлчилгээний газруудад хууль, хяналтын байгууллагаас дарамт ирэх нь ихсэх магадлал бий. Коронавирусээс болж хүндхэн байгаа жижиг дунд бизнесүүдийнхээ дахиад нурууг нь хугалчихвий гэх болгоомжлол байна. Хүний уугаад үлдээсэн архийг нийлүүлээд дараагийн хүнд өгөх явдал гарахыг ч үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, зарим өдрүүдэд согтууруулах ундаа зарахыг хориглоно гэсэн заалт тусгагдсан байна лээ. Гэтэл үүнээс үүдэн дамлан зарах үйл ажиллагаа, хууль бус худалдаа өргөжих, магадгүй цаашлаад татварын орлого ч тодорхой хэмжээгээр буурах эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Угтаа татварын бодлогоор согтууруулах ундааг хязгаарлах арга хэмжээ авах нь илүү зохимжтой. Албан ёсны эрхтэй архи үйлдвэрлэдэг компаниуд татвараа нэмж төлье гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд татвараа төлөөд хууль бус үйлдвэрлэл худалдааг хязгаарлая гэдэг. Учир нь, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, үйлчлэгч байгууллагууд улсын төсөвт жилд дунджаар 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг гэсэн тоо баримт бий. Энэ мэт олон талын байр суурь, олон талын нөхцөл байдлыг бодож шийдвэрлэх хэрэгтэй. Х.Нямбаатар сайд Европт олон жил амьдарсан гэж байна лээ. Тэр бол үнэн. Гэхдээ хэдэн зуун мянган жил пиво, виноны соёлтой болчихсон улс орнууд архийг хорих цагдах шаардлагагүй. Бид хэт өндөр спирттэй ундаанаас одоо бага спирттэй ундаа руу орж байна. Үүнийг нь л дэмжээд өгөх ёстой.

-Архийг хуулиар хорих нь хэр зөв юм бэ?

-Архийг хорилоо гээд хууль бус худалдаа, шагийн архи л нэмэгдэнэ. Ингээд хэт өндөр үнэтэй зарна. Нөгөө талаас архи уух хүн хаанаас ч олоод л ууна. Хуулиар хязгаарлаад архины хэрэглээ багасна гэдэг юу л бол. Нэгдүгээрт, хуурамч архи байвал яах уу. Хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдлын асуудал энд яригдана. Хуулийн гол үзэл баримтлалыг дэмжиж болохоор л юм.

-“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгож байнаӨнөөдрийн байдлаар хичнээн аж ахуйн нэгж зээлд хамрагдаад байна вэ?

-4000 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч, ААН энэ зээлд хамрагдсан байна. Нийгэмд нэг буруу ойлголт яваад байна. Засгийн газар энэ зээлийг өгч байгаа юм биш, Сангийн яам арилжааны банкуудад зээлийн хүүгийн арилжааны татаас өгч байгаа юм.

-Коронавирусийн халдварын тоо өдөрт 500,600-гаараа нэмэгдэх боллооЭнэ цаг үед хөл хорио тогтоох шаардлага үүссэн гэж та харж байна уу?

-Хөл хорио тогтоох сайн тал нь тодорхой хэмжээгээр өдөр болгон өсч байгаа тоог хумих. Гэхдээ нөгөө талдаа бизнесүүдийнхээ үйл ажиллагааг хязгаарлана. Хөл хорио тогтоосноор ковидын өсөлтийг цаг хугацааны хувьд хойшлуулж байгаа юм. Бүхэлдээ вакцинаар коронавирусийн тархалт хумигдана. Тодорхой хугацаанд хөл хорио тогтоож, тэр хугацаандаа вакцинжуулалтаа маш эрчимтэй явуулах нь зүйтэй болов уу. Ингэснээр өдөр тутмын ковидын өсөлтийг барьж авах дүр зураг харагдаж байна

ШИНЭ МЭДЭЭ