МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрхийн хамгаалагчид хуультай боллоо
2021.04.22
Хүний эрх

Хүний эрхийн хамгаалагчид хуультай боллоо

2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар “ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”батлагдсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж”, Арван есдүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. 

Төрийн зүгээс аливаа тохиолдолд өөрийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэн бүрт аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээсэн бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл болсон иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, бэхжүүлэх ёстой юм. 

Тэгвэл хүний эрхийн хамгаалагчдад тулгардаг аюул, эрсдэл, саад бэрхшээлийг арилгах, тэдний үйл ажиллагааг дэмжих нь дэлхий нийтийн хувьд анхаарал хандуулах шаардлагатай асуудал болсон тул 1999 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей “Нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалж буй хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллагуудын эрх, үүрэг хариуцлагын талаарх тунхаглал” (Хүний эрхийг хамгаалагчдын эрхийн тунхаглал)-ыг баталж, 2000 онд хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгчийг томилжээ. Филиппин улсын Манила хотод 2014 онд зохион байгуулсан Азийн бүсийн хүний эрхийн хамгаалагчийн Чуулганаас баталсан “Манилагийн хоёрдугаар тунхаглал”-д хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явуулах орон зай, эрх чөлөө нь хязгаарлагдаж, эрсдэл, бэрхшээл тулгарч байгааг анхаарч, хуульд нийцсэн үйл ажиллагааны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хязгаарлах, аливаа заналхийлэл, дарамт шахалтыг зогсоож, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хамгаалагчийн тухай тунхаглалын зарчмыг баримтлахыг бүс нутгийн улс орнуудад уриалсан байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2010 онд Монгол Улсын Засгийн газарт “хүний эрхийг хамгаалан тэмцэгчдийг хамгаалах”-ыг зөвлөсөн байдаг.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014 онд явуулсан судалгаагаар шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагч, өмгөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч,  идэвхтэн, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан нар хүний эрхийн төлөө ажилласныхаа төлөө амь нас, бие махбодод нь халдахаар заналхийлэх, нэр төр, алдар хүндэд халдах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, цахим хэлбэрээр халдлагад өртөх, мэдээлэл авах боломжийг хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалзах, үйл ажиллагааг нь үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх, төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах, ялгаварлах, шударга бус хандах, цалин, нийгмийн халамжийг хязгаарлах, ажлаас халах, ажлын байрны дарамт үзүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байгааг тогтоосон байдаг.

Түүнчлэн хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагуудыг төрөөс төдийлөн дэмждэггүй, төсөл дуусахаар тухайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаа зогсох хандлага нийтлэг байгаагаас шалтгаалан хүний эрхийг хамгаалах иргэний нийгмийн үйл ажиллагаа сулрахад хүрдэг байна. Хүний эрхийн хамгаалагчдын эрхийн тунхаглал нь хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг хориглох, хүндрэл учруулах, хүний эрхийн зөрчлийг хууль ёсны гэж үзэх явдлаас сэргийлэх зорилготой төдийгүй төрийн зүгээс тусгайлан биелүүлэх үүрэгтэйг онцолсон билээ. Мөн хүний эрхийн олон улсын гэрээгээр баталгаажуулсан хэм хэмжээг бие даасан хуулиар дахин баталгаажуулах зорилгоо хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг хангахад чиглэсэн ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуулийг боловсруулсан юм. 

 

Уг хуулийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар санаачлан 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж ажилласан бөгөөд түүний хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш анх удаа ахлан ажиллаж, амжилтай батлуулсан хууль болсноороо онцлог юм. 

“Хүний эрхийн хамгаалагч”-ийг хуулиар анх удаа тодорхойлон, тэдний эрх зүйн байдлыг бие даасан хуулиар баталгаажуулж, хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоог бий болгосон юм. 

Хүний эрхийн хамгаалагч гэж хэн бэ?

“Хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, хүчирхийллийн бус арга замаар хүний эрхэм чанар, олон улсын эрх зүйн нийтээр зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, хамгаалахад оролцож байгаа хүний хэлнэ. 

Хүний эрхийн хамгаалагчийн хороо гэж юу вэ?

"ХҮНИЙ ЭРХИЙН ХАМГААЛАГЧИЙН ХОРОО" байгуулна. Хороо нь долоогоос доошгүй жил хүний эрхийн асуудлаар ажилласан 7 гишүүнтэй байна. Хорооны дарга нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байна. Гишүүдийг сонгохдоо ашгийн бус хуулийн этгээдээс нэр дэвшин сонгогдсон 4 гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хорооны дарга, гишүүд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ. Тус хороо нь төр, олон нийтийн төлөөлөл бүхий хүний эрх хамгаалагчийг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байна.  Мөн хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх, бичгээр хариу авах, эрсдлийн үнэлгээ хийх, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлагыг үнэлж дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй инфографик мэдээллийг хүргэе. 

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ

ШИНЭ МЭДЭЭ