Мэндчилгээ
2021.04.26
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Мэндчилгээ

4 ДҮГЭЭР САРЫН 26 

ДЭЛХИЙН ОЮУНЫ Өмчийн өдөр

МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Мэндчилгээ

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын санаачилгаар жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Дэлхийн оюуны өмчийн өдөр” болгон тодорхой уриан дор дэлхий даяар тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах зээл руу” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Жижиг дунд үйлдвэрлэл нь аливаа улс орны хөгжлийн тулгуур, нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйлүүдийн нэг билээ. Дэлхий даяарх нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрлэлд ажиллаж байгаа судалгаа байдаг бол манай улсын хувьд 2019 оны байдлаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуй нэгжийн 77% нь ЖДҮ-ийн салбарт хамаарч, энэ салбарт 842,728 хүн ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний 72%-ийг эзэлж байна.

ЖДҮ-үүд оюуны өмчөөр дамжуулан өөрсдийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнийг өсгөх, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сонголтыг сайжруулах боломжтой бөгөөд Оюуны өмчийн газрын зүгээс нийт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, эрх эзэмшигчид, шинийг санаачлагчдын бүтээлч үйл ажиллагаа, шинэлэг санаачлагыг дэмжих, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээг хөнгөвчлөх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ авч ажиллаж байгаагаа энэ дашрамд тэмдэглэе.

Ковид-19 цар тахал дэлхий дахинд тархаж, Монгол Улс гамшгаас хамгаалах хүнд нөхцөл байдлыг даван туулж буй энэ цаг үед Оюуны өмчийн газрын зүгээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагчаас хүсэлт ирүүлсэн тохиолдолд яаралтай журмаар шийдвэрлэх, үйлчилгээний хураамжийг төлөх Гэрэгэ системд нэгдэх, бүртгэгдсэн зохиогчийн эрхийн бүтээлийн мэдээллийг хайх боломжтой хайлтын програм болон зохиогчийн эрхийн мэдүүлгийг цахимаар мэдүүлэх програмыг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын системийг гар утаснаасаа ашиглах хувилбарт мөн шилжүүлээд байна.

Нийт эрх эзэмшигчид, оюуны өмчийн үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэгчид, оюуны өмчийн салбарын оролцогч нартаа Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэнд хүргэж, өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХСҮХ

 “ОЮУНЫ ӨМЧ БА ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ: Шинэ САНААНААС шинэ ЗАХ ЗЭЭЛ РУУ"

ШИНЭ МЭДЭЭ