ОУПХ-ны байнгын хорооны цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо
2021.04.27
Гадаад харилцаа

ОУПХ-ны байнгын хорооны цахим хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо

ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы цуврал бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр (2020.04.26) ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороо цахимаар хуралдлаа.

Байнгын хорооны цахим хуралдааныг Швейцарийн Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас удирдан явуулсан бөгөөд Улаанбаатарын цагаар 20.00 цагт эхэлсэн тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцлоо. Гишүүн Б.Саранчимэг 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм.

Дэлхийн 50 гаруй парламентын болон Олон улсын бусад байгууллагын төлөөлөгчид оролцсон тус хуралдааныг НҮБ-ын Энхтайвныг бэхжүүлэх бүтцийн нэгжийн Орлогч нарийн бичгийн дарга Оскар Фернандез Таранко нээв. Тэрбээр хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Ковид 19” цар тахлын хямралыг аль болох богино хугацаанд даван туулах, сэргээн босгох ажиллагаа маш чухал. Даян дэлхийд энхтайвныг тогтоох, сахин хамгаалах, бэхжүүлэх үйл хэрэг энэ үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг байх болно хэмээн тэмдэглэв.

Байнгын хорооны хуралдаанаар 2019 онд ОУПХ-ны ээлжит 141 дүгээр Ассамблейн үеэр хуралдсан тус хорооны хуралдааны тэмдэглэлийг баталж, ээлжит 142 дугаар Ассамблейн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг явуулав. 142 дугаар Ассамблейн үндсэн сэдэв нь “Цар тахлыг өнөөдөр даван туулж, маргаашийг илүү сайн сайхан цогцлоох нь: Парламентуудын үүрэг” гэсэн сэдэв байх бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцогчид энэ сэдвээр мэтгэлцээн хийлээ.

ОУПХ-ны ээлжит 142 дугаар Ассамблейн өмнөх бэлтгэл ажлын хүрээнд болох цуврал хуралдаанууд ирэх тавдугаар сарын 12 хүртэл бусад байнгын хороодын төлөвлөсөн сэдвийн дагуу явагдах ба хуралдаануудад Монголын парламентын төлөөлөгчид тухай бүр оролцоно.

Тухайлбал, Тогтвортой хөгжил болон НҮБ-ын асуудлаарх байнгын хороод хамтарсан хуралдаанаа ерөнхий сэдвээр зохион байгуулах бол Залуу парламентчдын долдугаар олон улсын хурал ““Ковид 19” цар тахлын дараах сэргээн босголт: Залуучуудад чиглэсэн хандлага” сэдвээр болно. НҮБ-ын асуудлаарх байнгын хороо НҮБ-ын 75 жилийн ойн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Эмэгтэй парламентчдын форум “Хүйсийн эрх тэгш байдлыг урагшлуулах: “Ковид 19” цар тахлын үр нөлөө болон сэргээн босголтын тэргүүлэх чиглэлүүд”, “Парламентуудаар дамжуулан тэгш байдлыг хангах нь” сэдвээр тус тус хуралдах юм.

ШИНЭ МЭДЭЭ