ХЗБХ: Зохиогчийн эрх  шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2021.04.27

ХЗБХ: Зохиогчийн эрх шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Ажлын хэсгийн танилцуулгад, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль, тогтоомжийг хангах чиглэлээр бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахдаа холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал нь чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгах санал гаргасныг дурдсан байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Оюуны өмчийн багц хуулийн төслүүд эцэслэн батлагдах шатандаа яваа энэ үед  Эрүүгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгааг Засгийн газар анхааралдаа авахыг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хараагүй, сонсголгүй, харааны эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээгдэхүүн унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах гэсэн хэсэг төсөлд оруулсанд талархахын сацуу төслийн 41.1.6-д “Энэ хуулийн 41.1-д заасан зорилгоор бүтээлийн цахим хувийг олж авахаар эрх бүхий байгууллагад хандсан бол тухайн цахим хувийг хадгалж байгаа байгууллага, хувь хүн саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэсэн өгүүлбэр нэмж, үүрэгжүүлэх шаардлагатай байгааг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хүссэнийг уламжилж, зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3.-т заасны дагуу Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус тус санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 

ШИНЭ МЭДЭЭ