МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ОУПХ-ны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Монголын парламентыг төлөөлөв
2021.04.28
Гадаад харилцаа

ОУПХ-ны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Монголын парламентыг төлөөлөв

Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны Гүйцэтгэх хороо КОВИД-19 цар тахлын улмаас ОУПХ-ны 142 дугаар ээлжит чуулганыг 2021 оны тавдугаар сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

ОУПХ-ны 142 дугаар чуулган “Цар тахлыг өнөөдөр даван туулж, сайн сайхан маргаашийг цогцлоох нь: Парламентуудын үүрэг” үндсэн сэдвийн дор зохион байгуулагдах юм.

Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхлээд байна.

ОУПХ-ны Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооноос зохион байгуулсан анхдугаар цахим хуралд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг оролцсон бол өнөөдөр /2021.04.27/ ОУПХ-ны Тогтвортой хөгжлийн байнгын хороо болон НҮБ-ын асуудлаарх байнгын хороотой хамтарсан хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор “Нийтийн сайн сайхны төлөөх вакцины хүртээмж” сэдвийн дор зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, үг хэлэв. Тэрбээр, Монгол Улс ДЭМБ болон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүн амынхаа зорилтот бүлгийн 30 гаруй хувийг вакцинжуулсан, энэ завшааныг тохиолдуулан хандивлагч орон, байгууллагуудад талархал илэрхийлье гэв. Өнөөдөр дэлхий дахинд тулгамдаж буй сорилт, цар тахлыг даван туулахын тулд олон улсын парламентчид хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолж, "Бүгдээрээ хамтдаа хичээцгээе" уриан дор байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурал Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит чуулганыг зохион байгуулна. Энэ үеэр бүс нутгийн парламентын гишүүд, дэлхийн нийтийн өмнө тулгамдсан сорилт, бэрхшээлийг даван туулахад чиглэсэн яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлсэн уулзалт болно гэдгийг найдаж байна гэлээ.

Швейцарийн Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас удирдан зохион байгуулж буй ээлжит цахим хурал маргааш Улаанбаатарын цагаар 20.00 цагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
 

ШИНЭ МЭДЭЭ