МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хоршооны тухай хуулийг баталлаа
2021.04.29
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хоршооны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүд санаачлан 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Их хурлаас 1995 онд  Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна.  Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм. 

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хоршоо хөгжих эрхзүйн орчин сайжрах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй,  удирдлага зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, татвар аудитын зөрчилтэй асуудлууд ариах зэрэг эерэг үр дүн гарах юм. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцууллаа.

Хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед асуулт асууж, санал хэлэх гишүүд байгаагүй тул зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа. Үүний дараа хууль батлагдсантай холобгдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Төслийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг танилцуулсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ