2021.04.29
Эрүүл мэнд
Завхан аймаг PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт удаа дараа хандаж, Завхан аймагт Ковид-19 халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа болон PCR шинжилгээний лаборатори байхгүйгээс болж шинжилгээний хариу 72 цагаас дээш хугацаанд гарч байгаа, цаашлаад халдвар хамгааллын хувцас хэрэглэл дутмаг байгаа зэрэг тулгамдаж байгаа асуудлуудыг уламжилсны үр дүнд тус аймагт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори хүргэгдээд байна.
Дархлаажуулалтын 2-р тунгийн вакцин болон Улсын нэгдүгээр төв эмнэлгээс авч байгаа PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори ачсан Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн машин, цагдаагийн машин 2021 оны 04 дүгээр сарын 28-д Улиастай суманд очсон байна.
Ийнхүү Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээ хийх молекул биологийн лабораторитой боллоо. Уг лабораторийг ажиллуулах эмч Улиастай сумын нэгдсэн эмнэлгээс ХӨСҮТ-д очиж сар гаруй хугацаанд сургалтад хамрагдаж, лабораторийг ажиллуулах ур чадвар эзэмшин нутагтаа очсон байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинжилгээг аймагтаа хийдэг болсноор шинжилгээтэй холбоотой хугацаа алдах, илүү зардал гаргах асуудал шийдэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар Завхан аймагт Коронавирусний халдвар авсан 228 хүн бүртгэгдээд байгаа бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагийн байдлаар нэмж 2 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан
Завхан аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д ажиллаж буй Б.Баярсайхан гишүүн энэ тухай өөрийн цахим хуудастаа нийтлэн, “Ухаант удамтай нутгийн ахан дүүс минь хамтдаа хичээж, удахгүй цар тахалгүй НОГООН АЙМАГ болцгооё!” хэмээн бичжээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Завхан Бродерс" баг дээд лигт өрсөлдөнө
2021.12.14