МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Ундрам: Хувь хүн бүрийн сахилга батаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах гээд байна
2021.04.29
Эдийн засаг, Худалдаа

Ч.Ундрам: Хувь хүн бүрийн сахилга батаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах гээд байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

-Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой асуудал болон ҮАБЗ-ийн албан хаагчид хилээр их хэмжээний валют оруулж ирсэн асуудлыг танай ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, холбогдох байгууллагуудад хандсан. Энэ асуудал одоо юу болж байна?

-УИХ-ын даргын тушаалаар хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь хүний эрх зөрчсөнтэй холбоотой Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар багтсан нэг ажлын хэсэг бий.

Манай ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир болон миний бие гээд таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг буюу шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг асуудлыг. Мөн ҮАБЗ-ийн гишүүд Алтанбулаг боомтоор их хэмжээний гадаад валют оруулж ирсэнтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулж УИХ-ын гишүүдэд тайлагнах зорилготой ажлын хэсэг байгуулагдсан.

УИХ гэдэг хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага учраас хэрэг мөрдөх боломжгүй. Гэхдээ бид Эрүүгийн болон бусад хуулиудад хяналт тавих боломжтой учраас энэ чиглэлээр хуулийн хүрээнд ажиллаж, мөн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллая гэж шийдсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлүүдийг уншигчид санаж байгаа байх. Б.Баасанцогт гэх өмгөөлөгч, шүүгч, прокурор, АТГ-ын мэргэжилтнүүдтэй хамт наргиж цэнгэсэн нь ил болсон. Мөн компьютерээс нь хэрэг төлөвлөсөн бүдүүвч зурагнууд олдсон. Энэ нь улс төрийн өндөр албан тушаалтанд урдаас төлөвлөсөн хэргүүд байсан. Тухайлбал, Ж.Эрдэнэбат, 60 тэрбум гэх мэтээр хэрэг төлөвлөдөг. Үргэлжлүүлээд хамгийн ноцтой нь прокурор, шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримт гарч ирсэн. Энэ бол маш ноцтой асуудал.

Үүнээс гадна ҮАБЗ-ийн зарим албан хаагчид хилээр урьдчилсан ямар ч зөвшөөрөлгүйгээр нэвтрэхдээ их хэмжээний гадаад валют оруулж ирсэн гэдэг асуудал яригдсан, энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ мэт хууль бус зүйл явж байна.

Хоёрдугаарт, ёс зүйн асуудал өндрөөр тавигдахаар байна гэж харж байгаа. Үүнд хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэх хэрэгтэй. Хэрэг үүсгэсэн эсэх, хэргийн явцаа олон нийтэд тайлагнах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс бид Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт албан бичиг гардуулсан. “Энд хэрэг үүсгэсэн үү, үүсгэсэн бол ямар хэрэг хаана яаж явж байна.

Үүнд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой” гэсэн албан бичиг гардуулж өгсөн. Мөн ЦЕГ, ТЕГ, АТГ-т албан бичиг хүргүүлсэн. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан бичиг очиж гардуулсан.

Эдгээр байгууллагуудаас бидэнд хариу ирүүлсэн. Хариуд Б.Баасанцогт өмгөөлөгч болон түүний хамаарал бүхий шүүгч прокуроруудтай холбоотой хэргийг дүүргийн цагдаагийн газраас АТГ руу шилжүүлсэн гэсэн. Энэ бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай учраас АТГ руу шилжсэн байгаа юм.

Харин ҮАБЗ-ийн албан хаагчид их хэмжээний валют оруулж ирсэн гэдэг асуудал нь Тагнуулийн ерөнхий газарт хэрэг нээгдсэн гэсэн хариу ирсэн. Гуравдугаарт, прокурорт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд дунд гэмт хэргийн шинж чанартай байж болох хэргүүдийг шалгаж шүүж үзээд эхний 20-т нь хэрэг нээчихсэн, 86-т нь хэрэг нээх үү үгүй юу гэдгийг нь магадлан шалгаад байж байна гэсэн хариу ирсэн. Ингээд нийт 106 хэргийн асуудал яригдаж байна.

-Хөл хориог сунгачихлаа, эдийн засаг хүнд байгаа энэ үед хөл хорио тогтоох нь хэр зөв шийдвэр вэ?

-Өдөр бүрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр ковидтой холбоотой мэдээг авч байгаа шүү дээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол маш өндөр болсон. Уг нь иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ маш сайн бариад, олноороо цугларахгүй байвал (нэг өрөөнд таваас дээш хүн цуглахгүй) халдварыг хумих боломжтой гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн.

Гэтэл бид үүнийг барьж чадахгүй байгаа нь харагдаж байна л даа. Вакцины хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа дархлаа үүснэ. Гэтэл нэг тун хийлгэчихээд сэтгэл амраад халдвар хамгааллаа сахихгүй, үр дүнгүй болгоод байна. Тиймээс эрдэмтэд ч энд математик тооцоолол хийж үзсэн. Ингээд эрдэмтэд мэргэжилтнүүдийн зүгээс хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас хөл хорио тогтоолоо. Мэдээж эдийн засаг хүнд байгаа учраас Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон.

Үүнээс гадна ганц Монгол бус дэлхий даяараа вакцины хомсдолд орчихсон байна. Мундаг хөгжилтэй орнууд ч вакцины хомсдолд орчихсон байна. Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байна. Хэрвээ Монгол Улсад шинжлэх ухаан мундаг хөгжчихсөн, өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэг улс байсан бол ч гэж хааяа бодох юм. Даанч тийм биш юм.

Далайд ч гарцгүй юм. Хүчирхэг том гүрнүүдэд илүү боломж байдаг. Тиймээс бид хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Хэрвээ бүр олон мянгаараа өвчлөөд ирвэл юун эдийн засаг мантай болно гэж бодож байгаа. Вакцинжуулалтаас эдийн засаг цаашдын байдал хамаарах болчихоод байна шүү дээ.

Хувь хүн бүрийн сахилга батаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах гээд байна. Тиймээс иргэд маань дор бүрнээ халдвар хамгааллаа сахиж, сахилга баттай байгаасай гэж бодож байна. Мөн хөдөө орон нутгийнхан маань ч хянуур, хариуцлагатай байхгүй бол цар тахал хүрээгээ тэлж байна.

Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 20 гаруй тохиолдол гарсан. Сумын Засаг даргатай холбогдохоор нэгдүгээрт, манай сумынхан, малчид халдвар хамгааллаа сахиагүй. Маск зүүж, гараа ариутгаагүй. Ковидын тохиолдол гарснаар иргэд сонор сэрэмжтэй болж байна. Өмнө нь ковид гараад жил болж байхад халдвар хамгааллын дэглэм бариагүй” гэсэн зүйл ярьж байсан.

Ковид бол хээр талд очоод байхгүй болчихдог өвчин биш. Төр энэ өвчнийг тараагаад байгаа зүйл байхгүй. Хүнээс хүнд халдварладаг өвчин учраас л иргэн бүр хариуцлагатай байгаасай гээд байгаа юм. Тиймээс бусдыг болон өөрийнхөө гэр бүлийг бодоод хаана ч явсан сахилга баттай баймаар байна.

-Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн өрнөж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим нь улс төртэй холбож харагдах юм?

-Судалгаагаар манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт өндөр байдаг. Гэхдээ хүмүүс энэ талаар төдийлөн хууль хяналтын байгууллагад ханддаггүй гэсэн судалгаа гарсан. Нийгмийн бодлогын байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Энд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтуудыг нэлээн чангалж оруулж өгсөн. Гэхдээ энэ хууль батлагдаагүй байна. Хууль боловсруулж батлагдах явц удаан. Олон шат шалгуурыг давж байж батлагддаг. Уг нь үүнийг нэлээн оруулж өгсөн.

Би өмнө нь МУИС-д байхдаа ёс зүйн дүрэмд шинэчлэл хийж, их дээд сургуулиудад бэлгийн дарамтын асуудал байж болзошгүй учраас үүнд шинэчлэл хийхийг хүсч байсан ч тухайн үед дэмжигдээгүй. Үүнийг зөвхөн ажлын байрнаас гадна бүх салбарт оруулж өгөх ёстой.

#Metoo хөдөлгөөн энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж ирлээ. Тиймээс дараа дараагийн хуульдаа үүнийг илүү няхуур харахаас гадна иргэд, ажил олгогчид энэ асуудалд болгоомжтой, ёс зүйтэй байхыг хичээнэ гэж бодож байна.

Иргэн Сүндэряатай холбоотой асуудал гарлаа. Энэ хэрвээ үнэн гэдэг нь хуулиар тогтоогдвол холбогдож байгаа эзэн нь хариуцлага хүлээх ёстой. Үгүй бол эргээд ийм асуудлаар улс төр хийх нь буруу. Монголд ийм тоо баримт өндөр байдаг учраас би #Metoo хөдөлгөөнийг дэмжиж байгаа.

-Өмчийн хэлбэр харгалзахгүйбүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчдын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх түр журам баталсан. Уг журмыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ шийдвэрийг хоёр талтай гэж харж байгаа. Багш нартай холбогдоод “Онлайн хичээл ордог болсноос хойш та нарын ачаалал яаж байна” гэж асуухад “Маш их нэмэгдсэн” гэж байна лээ. Багш нар 200 хүүхэдтэй зааланд лекц орсныхоо дараа 30, 30-аар нь хуваагаад семинар орчихдог. Гэтэл одоо нөгөө 200 хүүхэд бүртэй нэг бүрчлэн ажиллах боломж байна гэж ярьж байгаа юм.

Их сургуулийн зардлын дийлэнх хувь нь цалингийн зардал байдаг. Ковид боллоо гээд ажил зогсоогүй бүгд л онлайнаар ажиллаж байгаа. Тэгэхээр цалингийн зардал буурахгүй байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас төр цахилгаан тогны мөнгийг тэглэж байгаа шүү дээ гэхээр хувьсах тогтмол зардал нь маш бага хэмжээг эзэлж байгаа юм. Тиймээс зардлын задаргааг нь хараад аль нь буурахаар байна гэдгийг нь харах ёстой гэж бодож байна.

Гэхдээ анги танхим ашиглалтын зардал буурч байгаа ч гэсэн эргээд багш нарыг цахимаар хичээллэхэд шаардагдах тоноглолын зардал нэмэгдэж байгаа асуудал бий. Гэхдээ улс даяар бүсээ чангалж байгаа энэ үед боловсролын байгууллагууд бүсээ чангалж, санхүүгийн хамгийн боломжтой менежмэнтийг хийж, яаж ийж байгаад энэ зардлыг бууруулах нь зөв. Гэхдээ багш ажилчдынхаа цалинг аль болох бууруулахгүй бусад тэвчиж болох зардлаа тэвчих хэрэгтэй болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

ШИНЭ МЭДЭЭ