Газрын харилцааны хуулийн төслүүдийн цахим хэлэлцүүлэг боллоо
2021.04.30
Барилга, Хот байгуулалт

Газрын харилцааны хуулийн төслүүдийн цахим хэлэлцүүлэг боллоо

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын харилцаатай холбоотой эрх зүйн орчин, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр салбарын мэргэжилтэн, газрын албадын төлөөллийг оролцуулсан цахим хэлэлцүүлгийг 5 дахь удаагаа зохион байгууллаа. 

Газрын харилцааны эрх зүйн орчинг цогцоор нь шинэчлэн, сайжруулах, зохицуулалтгүй байгаа асуудлыг хуулиар зохицулах зорилгоор газрын харилцааны 5 хуульд шинэчилсэн найруулга болон нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулаад байгаа юм. 

Газрын багц хуулиудын төслийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны холбогдох 100 гаран  албан тушаалтан хэлэлцүүлэгт оролцлоо. 

Хэлэлцүүлгээр Газрын ерөнхий хуулийн төслийн агуулга, зарчмын өөрчлөлт, эрхийн төрлүүд, эрхийн баталгаажуулалт, газрын нэгдмэл сангийн удирдлага, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн уялдаа, зохицуулалтын талаар танилцуулга хийгдэж, оролцогчид асуулт асууж, санал солилцлоо. 

Газрын багц хуульд,
  • Газрын ерөнхий хууль, 
  • Газрын төлбөрийн тухай, 
  • Кадастрын тухай, 
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн найруулга, 
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулиуд багтаж байгаа бөгөөд эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Өнөөдөр Газрын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт тухайн салбартай холбоотой хуулийн төсөлд туссан асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, есөн дүүргийн газар зохион байгуулалтын алба, Монголын газар зохион байгуулагчдын холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо болон Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо гэх газрын 55 хүний төлөөлөл оролцож байна. 

Өмнө зохион байгуулсан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар “Газрын харилцааны цахим шилжилт, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх” жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх зорилгоор Монголын нотариатчдын танхимтай “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ” байгуулсан байна.

Мөн “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах” цахим сургалтыг зохион байгуулсан юм. Үүнд аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, архивын ажилтан, нууц хамгаалах ажилтнууд хамрагджээ.

ШИНЭ МЭДЭЭ