Г.Занданшатар: Хүний эрх гэдэг бол эхээс унахад л хүний ертөнцөд хамт ирдэг заяагдмал зүйл
Монгол Улсын Их Хурлын өнгөрөгч намрын чуулган, ээлжит бус чуулганаар улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн маш чухал зохицуулалтын хийгээд шинэчлэл хийгдсэн хуулиуд батлагдсан. Эдгээр хууль батлагдан гарахад хамгийн чухал үүргийг УИХ-ын дарга буюу ярилцлагын зочин Г.Занданшатар гүйцэтгэсэн билээ.
Монголын парламентыг хоёрдахь удаагаа тэргүүлэн амжилттай ажиллаж буй түүнийг VIP EXPERT сэтгүүлийн редакц УЛСТӨРЧ буландаа онцлон сонгож, дэлгэрэнгүй ярилцсанаа дор хүргэж байна.
Та 2016 оноос хойш хоёр дахь парламентаа тэргүүлж байна. 2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламент эрх зүйн олон шинэчлэл хийж, тэр дундаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах том ажлыг гүйцэтгэж чадсан. Өнөөгийн парламентын өмнө ямар хариуцлага ирж байна вэ?
2019 оны хоёрдугаар сараас хойш парламентын спикерээр ажиллаж байна. Ээлжит парламент бүхэн өөр өөрийн онцлогтой, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох үйл ажиллагааны шинэ түүхийг бүтээсээр ирсэн.
2016-2020 оны парламент нийгэмд шударга ёс тогтоох, сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэх, парламентад шинэчлэл хийх зэрэг хэд хэдэн том зорилт тавьж ажилласан. Эдгээр чиглэлээр эрх зүйн томоохон шинэчлэл хийсэн. Мэдээж хэрэг, Үндсэн хуулийн шинэчлэл энэ парламентын хийсэн хамгийн том ажил болж Монгол төрийн түүхэнд үлдэнэ.
Бараг 20-иод жилийн турш ярьж, 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан энэ томоохон үйл хэргийг манай парламент хэрэгжүүлж чадсан. Энэ бол бахархах үйлс мөн. Гэхдээ өнгөрсөн 30-аад жилийн туулсан зам мөрөө эргэж хараад “Нэг л болохгүй байна” гэдгийг дээр доргүй мэдэрсэн, “Буруудсан замаас гарч зөв замдаа орохгүй бол болохгүй нь” гэдэгт нийт ард түмний дийлэнх олонхийн санал нэгдсэн, “Суурь өөрчлөлтийг суурь хуулиасаа эхлэх нь зөв” гэдэгт эрдэмтэн судлаач, хууль тогтоогчдын үзэл бодол төвлөрсөн гээд олон эерэг хөрс суурь бүрэлдсэн нь энэ шинэчлэлийг хийх боломжийг бидэнд олгосон.
Парламент нь хууль тогтоох, Засгийн газар нь гүйцэтгэх үндсэн ажлаа хийж, Ерөнхийлөгч зөвхөн хуулиар тогтоосон эрх үүргээ л хэрэгжүүлэх боломж энэ өөрчлөлтөөр бүрдсэн.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд юу туссан юм бэ гэдэг талаар зарим нэг жишээ хэлье.
Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар гэсэн гурван институцийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан. Парламентын тогтолцоотой мөртлөө Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг, эсвэл Ерөнхий сайд бүхнийг мэдэж, шийддэг ч юм шиг, Улсын Их Хурал гэж хязгааргүй эрх мэдэлтэй газар байдаг ч юм шиг, нэг нь нөгөөгийнхөө ажилд хутгалдаж оролцдог, бие биенийхээ үйл ажиллагаанд нь саад болдог байдал 30 жил үргэлжилсэн, сүүлийн 10 гаруй жил бүр хэрээс хэтэрсэн.
Тиймээс парламент нь хууль тогтоох, Засгийн газар нь гүйцэтгэх үндсэн ажлаа хийж, Ерөнхийлөгч зөвхөн хуулиар тогтоосон эрх үүргээ л хэрэгжүүлэх боломж энэ өөрчлөлтөөр бүрдсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүд Сайдаар томилогдох, Сайдыг огцруулах эрхээсээ “хагацсан”. Төсвийн эрх мэдэл нь хумигдсан. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч л болсон.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” нь бидэнд ногдсон хариуцлага.
Нөгөө талдаа Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлж, өөрөө хариуцлага тооцох, хариуцлагаа өөрөө үүрэх зарчмыг хуульчилсан. Үр дүнд нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал хангагдана. Өнгөрсөн 30 жилд Засгийн газрын дундаж “наслалт” 1.6 жил л байлаа шүү дээ. Дөнгөж жил хагас болгоод л огцруулдаг байсан гэсэн үг. Ийм байхад төрийн бодлогын тогтвортой байдал, гүйцэтгэх засаглалын чадамжийн талаар ярих ямар ч боломжгүй.
Энэ мэтээр шүүх засаглал, нутгийн удирдлагын эрх зүйн тогтолцоонд ч томоохон шинэчлэл хийсэн. Бүгдийг тайлбарлана гэвэл нэлээд цаг хугацаа орно.
2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн энэ удаагийн парламентын хувьд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” нь бидэнд ногдсон хариуцлага. Нэмэлт, өөрчлөлтийг дагаж 40 шахам томоохон хуулийг шинэчлэн найруулж, 400 орчим хуульд их, бага хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Өөрөөр хэлбэл “Эрх зүйн хувьсгал” хийгдэнэ.
Монгол Улсын парламентын түүхэнд нэгэн шинэ хуудсыг Таны тэргүүлж буй УИХ нээлээ. Энэ бол Цахим парламент. Энэ шинэчлэлийн ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан байдаг. Энэ эрх мэдлээ өөрийгөө төлөөлүүлж сонгосон төлөөлөгчдийн байгууллага буюу УИХ, түүний гишүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ гээд тов тодорхой заачихсан.
Тиймээс УИХ ард түмний засаглах энэ эрхийг л хангах учиртай. Иймд ард түмэнтэйгээ хамтран хуулийн төсөл боловсруулах Lawmaker.parliament.mn, ард иргэдийнхээ санал бодлыг хуулийн төсөлд авч тусгах Lawforum.parliament.mn цахим системийг нэвтрүүлээд байна. Хүссэн иргэн бүхэн, эрдэмтэн судлаач болгон энэ системд нэвтрэх боломжтой. Энгийнээр хэлэхэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийт ард түмний сонголтоор сонгоно” гээд төсөлд биччихсэн байлаа гэхэд Та ороод “Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно” гэж засах, тэр нь олонхийн дэмжлэг авбал хууль болж батлагдана гэсэн үг.
Ийнхүү УИХ-ын 76 гишүүн дангаар биш, нийт ард түмэнтэйгээ хамтран хууль тогтоосноор парламентын үйл ажиллагааны ил тод байдал хангагдана, хуулийн чанар сайжирна, Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгосон эрх баталгаатай хэрэгжинэ.
Энэхүү цахим системийг нэвтрүүлж эхэлснээс хойш 20 гаруй хуулийн төслийг 10152 иргэн үзэж танилцаж, 400 гаруй нь төсөлд саналаа өгсөн байна. Энэ үйл явц улам эрчимжинэ. Энэ бол төр, иргэний хамтын ажиллагаа, Зөвлөлдөх ардчиллын сонгодог жишээ юм.
Та хаврын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна” гэж онцлон хэлсэн. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү?
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 18 зүйл жагсаагаад биччихсэн байгаа. УИХ, ерөөс бүх шатны байгууллага, албан тушаалтан энэ эрхүүдийг иргэндээ эдлүүлэх, түүнийг ямар ч хэлбэрээр зөрчихгүй байхын төлөө л ажиллах үүрэгтэй.
Бид өмнө нь төрийн байгууллагуудын эрх ашигт нийцүүлж л хууль баталдаг байж. Одоо иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж хууль батлах цаг болсон гэж үзэж байна. Чухам тийм ч учраас энэ хаврын чуулган хэлэлцэх асуудлаа Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эхэлж байгаа юм.
Иргэнийхээ эрх, эрх чөлөөг байнга зөрчдөг, бүр эрүүдэн шүүдэг, чагнаж тагнадаг, мөрдөж мөшгидөг явдал газар авлаа. Иргэний “амьд явах” эрх хангагдахгүй байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж туйлын хомс байсаар ирлээ. Та эрүүл мэндээ баталгаатай хамгаалуулж чадаж байгаа юу? Шударга шүүхээр шүүлгэдэг үү? Хувийн болон гэр бүлийн нууц чинь хамгаалалтад байгаа юу?
Энэ мэт олон асуулт тавьж болно. Хариулт нь бараг 100 хувь “Үгүй” гэж гарна. Ийм нөхцөлд Ардчилсан засаглал, Ардын төр, Эрх чөлөөт иргэний тухай ярих ямар ч боломжгүй.
Хүний эрх гэдэг бол заяагдмал зүйл. Эхээс унахад л эрх нь хүний ертөнцөд хамт ирдэг. Өөрт нь заяасан эрхийг өөр хэн нэгэн булааж, хулгайлж, гишгэж, дэвсэлж болохгүй гэдгийг л ойлгож, ухаарах ёстой юм.
Үүнийг хуулиар тогтоож, хуулиар хамгаалдаг. Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаална гэдэг нь зөвхөн хууль шударга засагладаг нийгмийг л цогцлооно гэсэн үг. Тэгэхээр “эрхээ эдэлнэ” гэдэг нь “үүргээ хэрэгжүүлнэ” гэсэн үг, эрхээ эдэлж байна гээд дураар авирлаж болохгүй гэсэн нөгөө утга агуулга нь хамт багтаж байгаа хэрэг.
Шинэ парламент бүрдээд намрын чуулганы хугацаанд шүүх тогтолцоо, банкны салбар, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлага зэрэгт эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг хийсэн нь ямар өөрчлөлтийг авч ирэх вэ?
Товчхон хариулъя. Үндсэн хууль болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжинэ.
Шүүх шударга болно. Хэнээс ч хараат бус ажиллах нөхцөл бүрдэнэ. Хэрэг захиалдаг, хэн нэгний заавраар ял оноодог байдал эцэс болно. Шүүх Монгол Улсын иргэнд ижил тэгш үйлчилнэ.
Банк хэн нэгний хязгааргүй баяжих, мөнгө хүүлэгч тогтолцоо биш. Улс, үндэстний санхүү, зах зээлийн тогтолцоонд үйлчилдэг хэрэгсэл. Тиймээс энд нийтийн удирдлага хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл банкийг нэг хүн биш, нэлээд олон хүн удирдах учиртай юм. Тиймээс банкууд хувьцаат компанийн хэлбэртэй, хүссэн иргэн бүхэн хувьцааг нь худалдаж авч, үйл ажиллагаанд нь оролцох, хамтдаа шийдвэр гаргаж, хянах, шалгах боломж бүрдэж байгаа.
Орон нутгийн засаг захиргаа нутгийн хөгжлийн асуудлаа иргэдтэйгээ хамтран, бие даан шийдэх боломжийг бүрдүүллээ. Сургуулийнхаа дээврийг засах уу, сумынхаа эмнэлэгт машин авах уу гэдгийг Сангийн яам шийддэг байсан бол одоо өөрсдөө иргэдтэйгээ хамтран хуралдаад шийднэ. Аль нь чухал вэ гэдгийг тэнд амьдарч буй иргэд, сумын Засаг дарга энд Улаанбаатарт байгаа Сангийн сайдаас арай илүү мэдэх нь ойлгомжтой биз дээ.
Үүнийг дагаад сум, аймгийн удирдлагын хариуцлага нэмэгдсэн. Аймаг, сумын дарга нар хогны мөнгө хураах, нохой алахаас өөр эрх мэдэлгүй болсон гэсэн шүүмжлэл гашуун боловч үнэн. Төсвийг нь Сангийн яам атгана. Сургууль барих боллоо гэхэд Боловсролын яам тендерийг нь шалгаруулж, барих гүйцэтгэгчийг томилно.
Нутгийнх нь газар шороог Уул уурхайн яамны өгсөн зөвшөөрлөөр хэн нэг этгээд очиж ухна. Нутгийн нэг ч иргэнээс асуухгүй. Тэгсэн хэрнээ татвар хураамжийг нь хуу хамаад авчихна. Ухсан нүх л тэнд үлдэнэ. Ийм байж болохгүй нь ойлгомжтой биз дээ. Шинэ хуулиар энэ буруу тогтолцоо засагдана.
Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г эхлүүлээд байна. УИХ-ын зүгээс уг хөтөлбөрт ямар оролцоотой байх вэ?
Ер нь бол энэ хөтөлбөрийг УИХ-ын гишүүд санаачилсан юм. Засгийн газар, Монголбанк болон холбогдох байгууллагуудтай хамтран судалгаа дүгнэлт хийж, боломж нөхцөлөө тооцоод, анх 3.0 их наядаас эхэлсэн хөтөлбөрийн үндсэн зорилго 3 жил хэрэгжих 10 их наядын хөтөлбөр болоод хэрэгжиж эхэллээ.
Цар тахлаас эдийн засгаа, иргэдээ хамгаалах, дэмжих нь төрийн үүрэг. УИХ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналтаа тавьж, шаардлага гарвал бодлого, шийдвэрээ гаргаад явна.
Монгол Улсын Их Хурал цар тахалтай тэмцэх бие даасан хууль баталсан дэлхийн анхдагч парламентуудын нэг болсон.
УИХ “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол Улсын Их Хурал цар тахалтай тэмцэх бие даасан хууль баталсан дэлхийн анхдагч парламентуудын нэг болсон юм шүү дээ.
Энэ амаргүй цаг үед УИХ, Засгийн газар “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” байж чадаж байгаа. Цаашид энэ эрчээ алдалгүй, 10 их наядын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ёстой.
Ази маягийн буюу Япон хэв загвар өнөө цагт хөгжлийн шинэ жишиг болж байгаа тул МАН-ын 100 жилийн ойн босгон дээр 100 жилийн өмнө үндэсний дэвшилт сэхээтнүүдийн дэвшүүлж байсан “Швейцарь лугаа хөгжих” үзэл баримтлалыг ирэх шинэ зуунд “Япон лугаа хөгжье” хэмээн шинэчлэн томъёолмоор байна гэж та онцолсон. Энэ талаараа дэлгэрүүлнэ үү?
1990 оноос ардчилсан тогтолцоо, зах зээлийн харилцааг сонгон замнаад 30 илүү жил өнгөрчээ. Олон ололт амжилтад хүрсээн. Гэхдээ эдийн засаг маань дорвитой хөгжсөнгүй. Хөрсөн дороо асар их баялагтай, үржил шимт, өргөн уудам газар нутагтай, 70 сая малтай, гуравхан сая хүнтэй, иргэд нь ухаалаг, авьяаслаг, IQ нь өндөр, дэлхийн хэмжээний хоёр том зах зээлийн дунд оршдог хэрнээ яагаад хөгжихгүй байна вэ? Ямар учраас иргэдийн маань гуравны нэг нь ядууралд өртчихөв өө? Юм юмаараа бусдаас илүү байтал юугаараа, яахаараа бид хоцроод байна вэ гэж Та боддог уу?
Монгол хүн бүр ингэж боддог, өөрөөсөө асуудаг. Би ч, Та ч тэдний нэг. Буруутан нь төр гэж үзэж, төр засгаа хараадаг, нулимдаг. Буруутгах аргагүй.
Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэдийнхээ итгэл найдвар, хүсэлт шаардлагад хүрч нийцэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ харааснаар, зүхсэнээр асуудал шийдэгдчихгүй.
Судалгаа дүгнэлт хийж, бодит шалтгааныг олж тогтоох, яаж засаж сайжруулахаа зөв оношлох нь хамгаас чухал. Ийм зорилгоор УИХ-ын даргын дэргэд УИХ-ын Байнгын хороодын дарга нар, гишүүд, холбогдох яам, байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон баг байгуулж ажилласан юм.
Бид 1990-ээд оноос дэлхий нийтийг хамран өрнөсөн шинэчлэлийн их давалгаанд хамагдан орж, сайн гэсэн бүхнийг авчран өөртөө нааж, хэрэгжүүлэхийг оролдож, гаднын зээл тусламж авч, хариуд нь гаднынхны санал болгосон хөтөлбөр төслийг хэрэгжүүлж, “Энэ болохгүй юм байна аа” гээд авч хаяж, оронд нь өөр нэг гаднын туршлагыг “Энүүн шиг сайхан юм алга” хэмээн хоймортоо залж, уг нь бол хөгжихийн төлөө л тэмүүлсээр ирж.
Одоо эргээд харсан чинь юу гэж нэрлэх нь мэдэгдэхгүй нэг юмтай болчихож. Машинаар жишээ авбал төмөр дугуйтай, модон цонхтой, хятад хөдөлгүүртэй, америк бүхээгтэй, хяналтын самбар нь япон, хаазалдаг гишгүүр нь монгол, ашигладаг шатахуун нь орос, асаадаг түлхүүр нь солонгос, нэг ийм хачин, хог дээрээс босгосон гэмээр юм бүтээчихжээ. Өнөөх нь Монголын зам дээр явдаггүй ээ. Таван километр яваад унтарна. Хэчнээн засаж додомдоод ч 20 миллээс дээш хурдлахгүй.
Барууны неолиберал бодлого, түүний арга хэрэгсэл Монголд идээшсэнгүй. Монгол Улс бол Азийнх. Дорнын, нүүдэлчний уламжлалт соёлтой. Хувь хүний гэхээсээ илүү гэр бүлийн, ах дүүсийн харилцаа илүү чухалчлагддаг. Ахмадаа хүндэлнэ, үр ачаа эрхэмлэнэ. Газар нутгаа ухахыг цээрлэдэг. Малын буянаа илүү чухалд тооцдог.
Тусгаар тогтнол монгол хүн бүхний сэтгэл зүрхний гүнд оршдог.
Харийнхан, гаднынхан Монгол газар нутагт дураар дургихад яснаасаа дургүй. Энэ мэт Монголын гэсэн онцлогийг харгалзаж, бодлогодоо түүнээ шингээж чадсангүй.
Тиймээс “Эдийн засгийн хувьсгал” хийх цаг болж. Хөгжлийн загвараа шинээр тодорхойлъё. Дэлхийн жишиг загвараас Монголд хамгийн ойр, төстэйгээс суралцъя. Тэр нь “дэлхийн гайхамшиг” гэж нэрлэгддэг Азийн буюу Япон хэв загвар юм байна гэсэн дүгнэлтийг манай баг хийсэн. Ёсыг эрхэмлэдэг, нөхрийг хүндэлдэг, гэр бүлсэг гээд бидэнд бас адил төстэй чанар цөөнгүй байдаг юм байна.
Үүнээс үндэслэн “Япон лугаа адил хөгжье” гэсэн уриалга дэвшүүлсэн юм. Гэхдээ энэ бол Японыг шууд дуурайна, тэдний бүх юмыг сохроор хуулбарлана гэсэн үг биш. Даган дуурайж, будаа идэж хуулаад сайн юманд хэзээ ч хүрэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс сайн жишиг, туршлагыг нь авч, Монголынхоо онцлогийг харгалзан, түүнд нийцүүлж хөгжье гэж байгаа юм.
Японы шилдэг жишгийг авч, өөрийн гэсэн Монгол хөгжлийн загварыг бүтээж чадвал богино хугацаанд, үсрэнгүй хөгжилд хүрч чадна.
Жишээ нь, Японы экспортод түшиглэсэн эдийн засгийн бодлого манайд гарцаагүй хэрэгтэй. Тэдэнд байгалийн баялаг, түүхий эд нэн хомс. Тиймээс шилдэг техник, технологи бүтээж, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргаж, өндөр хөгжилд хүрсэн. Манайд баялаг нь ч байна, түүхий эд нь ч байна. Далан сая малаас гарч буй ашиг шимийг боловсруулаад, түүнийхээ 30 хувийг дэлхийн зах зээлд гаргахад л Монгол сэвхийгээд босоод ирнэ. Дээр нь газрын баялаг маань байна. Боловсруулж, нэмүү өртөг л шингээх ёстой. Бид зэс, төмрийн хүдэр биш цэвэр зэс, ган төмөр экспортолдог болмоор байна. Экологийн хувьд цэвэр мах, сүү, ногоог дэлхийд гаргах маш том боломж бидэнд бий. Монгол сайн чанарын хүнс экспортлогч болж чадна.
Үүний тулд Японы үйлдвэрлэлийн, экспортын туршлагыг шингээж авъя гэж байгаа юм.
Цаашилбал тэдний боловсролын тогтолцоо, хүнээ дээдэлсэн нийгмийн хамгааллын, хүний хөгжлийн бодлого гээд суралцах зүйл их бий. Ингэж Японы шилдэг жишгийг авч, өөрийн гэсэн Монгол хөгжлийн загварыг бүтээж чадвал богино хугацаанд, үсрэнгүй хөгжилд хүрч чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Парламент бол хүссэн хүн бүрийн ороод суудаг зөөлөн суудал биш мэргэжлийн, бодлого боловсруулагчдын талбар байж, эрх зүйн шинэчлэл хийх мөнхийн талбар гэж ойлгодог. Энэ удаагийн парламент ийм хэлбэрээр ажиллаж чадахуу?
Парламентын гишүүдийг ард түмэн сонгодог. Тэгэхээр УИХ-ын гишүүн бүхэн ард олны итгэл, хүндлэлийг хүлээсэн, тэдний хүслээр сонгогдсон хүмүүс. Парламентыг “Их ард түмний төлөөлөл Бага ард түмэн” гэж яриад байдгийн минь учир энэ. Гишүүд “Надад миний тойргийн ард олон итгэж, өөрийнхөө оронд томилон явуулсан шүү” гэдгийг л цаг ямагт бодож ухаарч, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах учиртай.
Манай гишүүд сайн ажиллаж байгаа. Би ярилцлагынхаа эхэнд “УИХ-ын гишүүд зөвхөн хууль тогтоогч болсон” гэж хэлсэн дээ. Тиймээс гишүүд маань энэ үндсэн үүрэгт ажилдаа маш хариуцлагатай, өндөр идэвхтэй оролцож байгаа. Шинэчлэлийн маш чухал бодлогууд дэвшүүлж, хууль санаачилж, хэлэлцэж, асар ажил хэрэгч хандаж байгаа нь энэ парламентын онцлог.
Хэрвээ Та анзаарсан бол хуралдаан өндөр ирцтэй, 80 хувиас буухыг байсан. Чуулганы болон Байнгын хорооны хуралдаан тасалдах үзэгдэл огт үгүй болсон.
Шинэ Монголыг бүтээх эрх зүйн шинэчлэлийн төлөө бид нэгэн сэтгэл, зорилготой байж чадаж байгаа.
УИХ-ын гишүүний үйл ажиллагааны хоёр дахь үндсэн чиг үүрэг бол хуулийн хэрэгжилтийг хянан шалгах явдал юм. Тиймээс “Хяналт, шалгалтын тухай” хуулийн төсөл боловсруулагдаж байна. Энэ чуулганаар хэлэлцэн батална. Хууль батлагдсанаар УИХ хянан шалгах үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж, албан тушаалтнуудын ёс зүйгээ зөрчсөн, сахилга хариуцлага алдсан, буруу бусармаг үйлдлийг шалгаж, нээлттэй хэлэлцүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох ажил эрчимжинэ.
Үе үеийн Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клубийг байгуулж, 3 удаа хуралдах шиг боллоо. Уламжлал, шинэчлэл хосолсон парламентын түүхэн дэх чухал туршлага болж байна. Үүний үр дүнг та юу гэж харж байгаа вэ?
Үе үеийн УИХ-ын дарга нар гэдэг бол парламентын зовлон, жаргалыг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс. Юу хийх ёстой, ямар нь дутуу дулим байгаа, яавал зөв болох, юунд, ямар саад бэрхшээл тохиодгийг тэд хэнээс ч илүү мэднэ.
"Хуралдай" клуб
Р.Гончигдорж, Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гээд тэдгээр хүмүүст ямар нэг хувийн амбийц байхгүй. Жишээ нь, дахиад УИХ-ын дарга болъё гэсэн бодол өвөрлөөгүй нь ойлгомжтой. Ийм ашиг сонирхлын зөрчилгүй, зөвхөн нийт улс орны, тухайлбал Парламентын хөгжлийн эрх ашгийн төлөө л оюун санаагаа чилээж яваа хүмүүсийн үг, санал бодлыг сонсох их чухал байдаг юм аа.
Төрийн бодлого залгамж чанартай, сайн нь өвлөгддөг, саар нь гээгддэг байх учиртай.
Манай үе үеийн спикерүүд бол өнгөрсөн цаг хугацааны алдаа, оноог цэгнэж дэнсэлж, ялгаж салгаж чадсан хүмүүс. Тиймээс хууль санаачлах, боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, парламентыг шинэчлэх, дэлхийн жишгийн парламент болгоход үе үеийн спикерүүд, ахмад парламентчдын санал бодлыг заавал сонсож, хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмыг миний бие баримталж байгаа. “Хуралдай” клубийн үйл ажиллагаа улам өргөжинө. Спикерүүд маань ч санаа, зорилго нэг байгаа.
Таны, танай парламентын туйлын зорилго юу вэ?
Монгол Улсаа сэргээн мандуулах, шударга ёсыг тогтоох, эрүүл нийгмийг төлөвшүүлэх гэж товчхон хариулъя.
Энэ жил монгол түмэн Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойтой золгож байна. Шинэ зуун руу алхан орж байна гэсэн үг.
Шинэ зуунд бид Шинэ Монголыг бүтээх ёстой. Ийм түүхэн цаг үеийн босгон дээр ажиллаж байгаа бид түүхэн хувь заяатай хүмүүс.
Хувьсгалт шинэчлэл хийж, ирээдүйн зам мөрөө тодорхойлох нь бидний эрхэм зорилго. Тиймээс ГУРВАН ХУВЬСГАЛ-ын зорилтыг дэвшүүлсэн. Эрх зүйн, Эдийн засгийн хувьсгалын талаар ярилцлагадаа дурдлаа. Цаана нь Нийгмийн бодлогын хувьсгалын зорилт бий. Боловсролын, эрүүл мэндийн тогтолцоонд хувьсгал хийнэ. Холбогдох хуулийн төслүүд боловсруулагдаж байна. Халамжийн тогтолцооноос бүтээмжийн тогтолцоо руу шилжих цаг нэгэнт болсон.
Хүний хөгжил хамгийн чухал. Монгол Улсыг Оюутолгойгоос илүү Оюунтай толгой л хөгжүүлнэ шүү дээ.
Эдгээр Гурван хувьсгал бол бидний зорьж буй зүг чиг, эрхэмлэн баримталж буй туйлын зорилго юм.
Танд баярлалаа.