“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ
2021.05.03
Барилга, Хот байгуулалт

“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ

Газрын харилцааны салбарыг хөгжүүлэх их үйлсэд хөдөлмөр, зүтгэл, оюун ухаанаа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй салбарын нийт албан хаагчид Та бүхэндээ “ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН “БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ”-г мэндчилгээг дэвшүүлье.

Газрын харилцааны ажилтны өдрийг албан ёсоор 5 дугаар сарын эхний “Ням” гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд эдүгээ 11 дэх жилтэйгээ золгож байна.

2020 онд бид бүхэн газрын харилцааны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт технологи дээр суурилсан цахим засаглалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, ололт амжилттаар дүүрэн жил байлаа.

Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Вебэд суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” болох “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн”, “Газрын цахим биржийн”, “Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийн”, “Газрын үнэлгээний КАМА”, “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний”, “Урбан менежер зэрэг цахим системүүдийг хөгжүүлж, тэдгээрийг “ХУР” болон “ДАН” системд холбож төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь газрын харилцаанд гарсан томоохон ололт амжилт болсон.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэнээр ирэдийнхээ оролцоотойгоор газрыг нээлттэй, ил тод төлөвлөх, олгох, бүртгэх, төлбөр ногдуулах зэрэг ажилд ихээхэн дэвшил гарч газрын цахим биржээр дамжуулан газрын дуудлага худалдааг зохион байгуулсанаар улсын төсөвт 11.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, улсын хэмжээнд 1,098,000 гаруй эрхийн харилцаа үүссэн нэгж талбараас 870,000 гаруй нэгж талбарыг газрын кадастрын нэгдсэн цахим системд баталгаажуулж, Монгол Улсын нийслэлийн 9 дүүргээс 8 дүүрэг, 21 аймгийн 314 сум нь төлөвлөлтийн системд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг бүрэн оруулсан байна.

Уг нэгдсэн системийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Чөлөөт бүсийн захирагч нар үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байгаа бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газартай ДАН, ХУР системээр дамжуулан холбогдож дундын мэдээллийн сан байгуулан өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн “Байнгын ажиллагаатай суурин станцыг ашиглан байрлал, өндрийг бодох”, “Өндөр, тусгагийг хөрвүүлэх”, “Цэг тэмдэгтийн мэдээллийг түгээх” нээлттэй програм хангамжийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлжээ.

Монгол улсад анх удаа 1700 оны үеийн түүхэн газрын “Монгол нутгийн зураг” 3 боть ном хэвлүүллээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбар 90-ээд жилийн тэртээгээс эхлэлтэй арвин баялаг түүхтэй салбар билээ. Энэ салбарынхаа үйл ажиллагааны хөгжлийн түүхийг өгүүлэх ховор, үзмэр, түүхэн баримтуудаар Газрын харилцааны салбарын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилсан “Үзэсгэлэн”-г байгуулав.
НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооноос хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх”-1819D төслийн хүрээнд Дэлхийн банкны зөвлөх багтай хамтарч, нийгэм, эдийн засгийн судалгаа хийсэн болно.

Геопорталаар дамжуулан оюуны өмчийн эрх, үндэсний аюулгүй байдал, хувийн нууц болон бусад холбогдох асуудлуудыг харгалзсан суурь орон зайн өгөгдөл, мэдээллийг нэгдсэн системд оруулж, мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн веб зураглалын дэвшилтэт технологийг ашиглаж олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна.

Түүнчлэн “Газрын харилцааны эрх зүйн шинэчлэлт”-ийг хийхээр Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулга болон Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна.

Цаашид 2021 ондоо багтаан “Ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны бүтээгдэхүүн хуваах” гэрээний дагуу болон бичил уурхай эрхлэх зориулалтаар ашиглах талбайн мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж дундын мэдээллийн сан байгуулахаар ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хаягийн мэдээллийн систем”-ийг хөгжүүлж, 330 сум, суурин газар, нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийг энэ оны 6 дугаар сард багтаан шинэчлэн засварлан байнгын ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Энэ системийг орон нутгийн хэмжээнд хөтлөн авч явах ажил бол Та бидний хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Та бид хамтдаа “Газрын харилцааны шинэтгэл”-ийг бүрэн утгаар нь хийж, ил тод, нээлттэй, иргэдийнхээ цаг хугацааг хэмнэсэн, чирэгдэлгүй, авлигаас ангид цахим салбарыг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Газрын харилцааны салбарт бие, сэтгэлээ зориулж яваа Та бүхэндээ Газрын харилцааны ажилтны өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ХҮНДЭТГЭСЭН

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА
Ц.ГАНХҮҮ

ШИНЭ МЭДЭЭ