Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөв
2021.05.04
Гадаад харилцаа

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.04) хуралдаан 15 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төсөл-ийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан цахимаар оролцож, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүйгээр иргэдэд хүргэх үүднээс эрүүл мэндийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг хугацаа алдалгүй худалдан авах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллаж, 300 сая ам.доллар хүртэлх хэмжээтэй хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байна. Мөн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 2021 оны долоодугаар сар хүртэл нэмэгдсэн дүнгээр олгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хэрэгжүүлж байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байна.

Иймээс "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн төслийн хүрээнд 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирсон. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь вакцин худалдан авах санхүүжилтэд тус тус зарцуулна гэдгийг Сангийн сайд тодотголоо.

"Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар танилцуулав.

Хууль санаачлагчийн танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь буюу 75 хувь нь дэмжиж зөвшилцөв. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо6

ШИНЭ МЭДЭЭ