Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ
2021.05.11
Гадаад харилцаа

Монгол, Германы парламентын гишүүд хяналт шалгалтын чиглэлээр хэлэлцүүлэг хийлээ

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн, Фридрих Эбертийн сантай хамтран “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтыг өнөөдөр (2021.05.10) зохион байгууллаа.

Цахим уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн. Мөн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт-тэнцлийг хангах чухал зохицуулалтууд орсон. Иймээс Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталснаар парламентын хяналтын үр нөлөөг сайжруулах, хянан шалгах үйл явцыг зохицуулах, хүний эрхийг хангах, хамгаалах асуудлуудыг тодорхой болгох ач холбогдолтой” хэмээн онцлоод хоёр талт найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн ХБНГУ-ын Бундестаг болон парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд хамтран ажилладаг Фридрих Эбертийн сангийнханд талархлаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар

“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт мэдээлэл солилцох цахим уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Цогтбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа, Ж.Эрдэнэбат, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон Тамгын газрын ажилтнууд, хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүн, доктор Фритц Фелгэнтрой, Бундестагийн гишүүн, Бундестагийн Дижитал хөтөлбөр хорооны дарга, “Wirecard”-ын санхүүгийн луйврын хэргийг мөрдөн шалгах түр хорооны гишүүн Йэнс Циммерманн, ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хууль зүйн доктор, профессор Херта Дойблер-Гмелин, ХБНГУ-ын Парламент судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Данни Шиндлэр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг нар оролцож, хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд болон мөрдөн шалгах түр хорооны зохицуулалтын талаарх өөрийн орны туршлагаас хуваалцав.

Бундестаг Засгийн газрын үйл ажиллагаанд олон арга хэлбэрээр хяналт тавьдаг. Үүний нэг хэлбэр нь Хяналтын хороо байгуулах юм. Хяналтын хорооны гишүүд асуулга асуух, бичиг баримттай танилцах, нотлох баримтуудыг судлах, гэрч дуудах гэх мэт арга хэмжээг авч ажилладаг байна. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Хяналтын хороог байгуулдаг бөгөөд Бундестагийн гишүүдийн дөрөвний нэгийн саналаар буюу Бундестагийн 630 гишүүний 158 нь дэмжсэн тохиолдолд Хянан шалгах хороог байгуулдаг байна.

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан цахим уулзалтыг хааж хэлсэн үгэндээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах”-д Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглээд, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаад ХБНГУ-ын Элчин сайдын яам, Фридрих Эбертийн сан болон хэлэлцүүлэгт оролцож туршлагаа солилцсон ХБНГУ-ын Бундестагийн гишүүд, эрдэмтэн судлаачдад талархлаа илэрхийлэв.

Фридрих-Эбертийн сан нь дэлхийн 100 гаруй оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд хүний эрхийн төлөөх бодлогыг дэмжих, иргэдэд улс төрийн боловсрол олгох, парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн ардчиллын үнэт зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьдог байгууллага юм.

ШИНЭ МЭДЭЭ