Монголын ард түмний сэтгэлийн хандивыг Элчин сайдад хүлээлгэн өглөө
2021.05.13
Гадаад харилцаа

Монголын ард түмний сэтгэлийн хандивыг Элчин сайдад хүлээлгэн өглөө

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр (2021.05.13) Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синхгтэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө.

УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан #TogetherForIndia уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулсан юм.

Тэрбээр, “БНЭУ-ын Засгийн газраас цар тахлын хүнд цаг үед анхны 150 мянган тун “КОВИД-19”-ийн эсрэг Оксфордын AstraZeneca вакциныг буцалтгүй тусламжаар Монгол Улсад олгосноор дархлаажуулалтын ажил эхлэх боломжтой болсон. Энэтхэг Улсын ард түмний сайхан сэтгэлд Монголчууд бид талархдаг. Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал хэвээр байгаа ч өнөөдөр БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна. Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, тусламжийн аян өрнүүлж эхэлсэн. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улсын Засгийн газраас Энэтхэг Улсад нэг сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг уламжлав.

#TogetherForIndia уриалгын хүрээнд өрнөсөн хандивын аянд нийт 968 иргэн, аж ахуйн нэгж байгууллага болон УИХ-ын гишүүдээс 155.641.720 төгрөг цугларчээ.

Хандив хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд иргэн Г.Ганбат, Энэтхэг судлалын төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Гантулга, “Будда тур” продакшны захирал Ц.Гүрсэд, "Жавзандамба хутагт төв"-ийн менежер Ч.Даваахишиг, Монголын Иогчдын холбооны тэргүүн Р.Байгаль, "Намасте" рестораны захирал Сүрэндра Кумар Бансал болон “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Хоёр улсын хооронд 1955 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Монгол, Энэтхэг хоёр улсын харилцааг одоогоос 3000 жилийн тэртээгээс эхтэй гэж түүхчид үздэг. Дипломат харилцаа тогтоосон цагаас хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, 2011 оноос хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрч БНЭУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус улсад халдварын тоо өдөрт 400.000 давж, БНЭУ-д цар тахал онц аюултай хэмжээнд хүрээд байна.

ШИНЭ МЭДЭЭ