МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Уртнасан: 2021 онд нийт 1,8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна
2021.05.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Н.Уртнасан: 2021 онд нийт 1,8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байна

Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээллийг сонслоо.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын газар нутгийн 21 хувийг буюу 32,8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газрыг хариуцан улсын төсвөөс санхүүжиж буй 30 хамгаалалтын захиргаа ажиллаж байна. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаад хамгааллын менежментийг хариуцан “Байгаль орчны багц хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулан нийт 766 албан хаагч ажиллаж байгаагаас 476 нь байгаль хамгаалагч байна. Улсын хэмжээнд 13,8 сая га талбай бүхий 22 дархан цаазат газар, 13,2 сая га талбай бүхий 36 байгалийн цогцолборт газар, 5,7 сая га бүхий 48 байгалийн нөөц газар, 0,1 сая га газар бүхий 14 дурсгалт газрууд нь нийт 120 газар 32,8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор 14 газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газрыг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсантай холбогдуулан хилийн заагийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 01/720 дугаар албан бичгээр яамдаас санал авсан. Тус тогтоолын төслийг 11 яам дэмжиж, нэг яам дэмжих боломжгүй, нэг яам тогтоолын төслийн хавсралтад өөрчлөлт оруулж, давхцал арилгах санал ирүүлсэн гэж байлаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд Алтан Хөхий уулын байгалийн нөөц газрын өргөтгөлийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/14 дүгээр тогтоолын талбайн хэмжээгээр буюу 92421,46 га талбайгаар, Хөх нуур-Бумбат орчмын газрын байгалийн нөөц газар, Хурх хүйтний хөндий орчмын газрын байгалийн нөөц газар, Баянхонгор хайрхан уулын дурсгалт газрын хилийн заагийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн танилцуулгад тусгагдсан хэмжээгээр оруулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн санд Алтан хөхий уулын байгалийн нөөц газартай 5 тусгай зөвшөөрөл, Хурх хүйтний хөндий орчмын газрын байгалийн нөөц газартай 1 тусгай зөвшөөрөл давхцалтай байгаа. Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагт орж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговрын тооцоог гаргуулж, арга хэмжээ авах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2021 оны 02 дугаар сард албан бичгүүдээр тус тус хандсан. Дээрх зургаан тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөр, үйлчилгээний хөлс, хайгуулын ажлын зардалд 1,9 тэрбум төгрөгийн зардал гарсан тухай тооцоолол гаргаад байна. Уг тогтоолын төслийг 2021 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолоор Ноён уулыг дархан цаазат газраар ангилал ахиулан улсын тусгай хамгаалалтад авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны тушаалаар Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших 22320,5 га талбай бүхий Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын чиг үүргийг шинээр хамгаалалтын захиргаа байгуулах хүртэл Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны тушаалаар Ноён уулын дархан цаазат газрыг хамгаалах бүтэц бүрэлдэхүүнийг дарга нэг, гэрээт байгаль хамгаалагч дөрөв байхаар орон тоог баталж, “Хамгаалах хэсэг”-ийн байрны асуудлыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байгуулан хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор улсын нөөц хөрөнгөөс Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хэрэгжүүлэх, хууль бус ашигт малтмал олборлох зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2 ширхэг фургон автомашиныг шийдэж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр УАЗ үйлдвэрийн 2 фургон автомашиныг хүлээж авч, шинээр байгуулагдсан Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын хэсэгт ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Ноён уулын дархан цаазат газарт хилийн заагийн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ондоо багтаан Ноён уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл (Онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс)-ийг тогтооно. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулах зардлыг 2022 оны төсвийн төсөөлөлд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна гэж байлаа.

Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх чиглэлээр цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, биологийн олон янз байдлын хувьд чухал газар нутгийг жилд 1 хувь буюу 1.5 сая га талбайгаар өргөтгөж, 2024 он гэхэд цэнгэг усны нөөц, урсац бүрэлдэх эхийн 55-аас доошгүй хувь, нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөөд байна. Улсын төсвөөс суурь судалгаа хийх зардалд 2021-2024 онд нийт 300.0 сая төгрөг зарцуулна. Монгол Алтай-Их нуурууд, Хангай-Хөвсгөл, Хээр, говийн гэсэн дөрвөн бүсэд хуваан экологийн хувьд ач холбогдолтой газруудын үнэлгээг Де Нейче Консерванси Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран 2011-2017 онд хийж, судалгааны үр дүнд 215 газар нутаг буюу нийт 43.5 сая га талбайг улсын тусгай хамгаалалттай авах шаардлагатайг тогтоосон. Үүнээс өнөөдрийн байдлаар улсын тусгай хамгаалалтад авах чухал шаардагатай газар 38,9 сая га талбай бүхий 192 газар байна. 2021 онд Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Увс зэрэг 6 аймгийн 25 сумдын нутаг дэвсгэрийг хамарсан, дархан цаазат газрын ангиллаар 1, байгалийн цогцолборт газрын ангиллаар 3, дурсгалт газрын ангиллаар 3, байгалийн нөөц газрын ангиллаар 5 нийт 1,8 сая га талбай бүхий 12 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар ажиллаж байгааг салбарын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тусгай хамгаалалтын газрын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд баримтлах бодлого, цаашлаад суурь судалгааны төсөв зардлыг илүүтэй лавлаж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт газар нутгийн 25 хувийг тусгай хамгаалалт авахаар тусгагдсан бөгөөд жилд нэг хувир өсгөж тооцоход 1,2 сая га талбайг тусгай хамгаалалтад авахад үүнийг дагаад тусгай хамгаалалтын захиргааны тоог нэмэгдүүлэх, цалингийн зардал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ёстойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хариултдаа онцлоод сүүлийн гурван жилийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн харьяа байгууллагынхаа нийт зардлын төсвийг авч үзэхэд 400-600 сая төгрөгийн төсөвтэй ажиллаж байна. Байгаль хамгаалагчдын цалин хөлс бусад төрийн байгууллагад ажиллагсадтай харьцуулахад бага учир цалингийн шатлалыг ахиулахаар судалгаа үндэслэлийг гарган ажиллаж байна. Мөн тусгай хамгаалалтад авах газар нутгийн судалгааны ажилд жилдээ 60-70 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ нь хангалтгүй байдаг гэв.

ШИНЭ МЭДЭЭ